Johnson & Johnson компанийн вакциныг зөвшөөрөхийг зөвлөв
2021-02-27

Америкийн Жонсон энд Жонсон компанийн боловсруулан гаргасан вакцин нь коронавирусээс сэргийлэхэд 66 хувийн аюулгүй гэж АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын эрүүл ахуйн хяналтын газрын шинжээчид өмнө нь дүгнэж байсан.

 

Улмаар энэ вакциныг АНУ-д ашиглах эсэхийг хэлэлцээд, шуурхай үед ашиглахыг Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын эрүүл ахуйн хяналтын газрын зөвлөх хороо зөвлөжээ. Эцсийн шийдвэрийг ойрын өдрүүдэд Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн эрүүл ахуйн хяналтын газар гаргана гэж CNN агентлаг мэдээлсэн байна. 

 

Жонсон энд Жонсон компанийн вакцин нэг тунт бөгөөд коронавирусээс хамгаалахын тулд энэ бэлдмэлийг ганц удаа тариулахад л болох гэнэ. Тус компани вакциныг АНУ-д ашиглах зөвшөөрөл хүссэн өргөдлийг энэ сарын эхээр гаргажээ. 

 

Улмаар энэ долоо хоногт Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын эрүүл ахуйн хяналтын газрын шинжээчид дээрх вакцин нь коронавирусээс сэргийлэхэд 66.1 хувь, хүндрэл үүсэхээс 85 хувь хамгаалах үр дүнтэй гэсэн дүгнэлт гаргасан байна. Вакцин боловсруулагчдын мэдээлснээр, энэхүү тарилгын эмнэлзүйн туршилтын гурав дахь шатны дүнгээр вакцин 66-72 хувийн үр дүн үзүүлжээ.

 

Туршилтад нийтдээ 43.7 мянган хүн оролцож, хүмүүс вакцин тариулснаас 14 хоногийн дараа вирусээс хамгаалах дархлаа үүсч байсан гэнэ. Жонсон энд Жонсон компанийн вакциныг Цельсийн хасах 20 хэмийн хүйтэн нөхцөлд хоёр жилийн хугацаатай, Цельсийн 2-8 хэмд гурван сар хадгалах боломжтой аж.

 

АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын эрүүл ахуйн хяналтын газар энэ вакциныг ашиглахыг зөвшөөрвөл АНУ-д зөвшөөрөгдсөн гурав дахь вакцин болох юм. Жонсон энд Жонсон компани АНУ-ын Засгийн газартай гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу 1 тэрбум долларын үнэ бүхий 100 сая тун вакцин нийлүүлнэ гэж өнгөрсөн зун мэдэгдэж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Oros ali hediin ganz taridag vakzintai ...
2021-02-28