Өнөөдрийн байдлаар ЭЕШ-д 348 хүүхэд бүртгүүлжээ
2021-03-01 08:27

 

Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 25-ны 09 цагт эхэлсэн. Бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ны 18 цагт дуусгавар болно. ЭЕШ-ын бүртгэл, шалгалт авах хугацаа, агуулга зэрэг асуудлаар БҮТ-ийн мэргэжилтэн Б.Тунгалагтуяатай ярилцлаа.

 

Энэ жил хэдэн суралцагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр байна вэ?

 

-2020-2021 оны хичээлийн жилд 12-р ангийг 35797 сурагч төгсөнө. Мөн өмнөх жилийн төгсөгч 3000-3500 орчим шалгуулагч, нийт 39 мянган шалгуулагч ЭЕШ өгөх төлөвтэй байна. ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 25-нд албан ёсоор эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 20-ны 18 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа сунгагдахгүй, нэмэлт бүртгэл хийх боломжгүй. Шалгуулагч 2-10 хичээлийг сонгож шалгалт өгөх боломжтой. Мөн ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд хичээл нэмж болно. Харин хасах буюу солих боломжгүй.

 

ЭЕШ-ын даалгаврын агуулга, хамрах хүрээнд өөрчлөлт орох уу?

 

-ЭЕШ-ын сэдэв даалгавар суурь болон бүрэн дунд боловсролын заавал судлах агуулгын хүрээнд зохиогдоно.

 

Монгол хэл, бичгийн шалгалтыг тавдугаар сард авна гэсэн мэдээлэл бий. Босго оноонд өөрчлөлт орох уу?

 

-ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн бүх шалгуулагчид заавал монгол хэл, бичгийн шалгалт өгөх журамтай. Монгол хэл, бичгийн шалгалтыг байгуулна. Одоогоор шалгалтын тов гараагүй байна. Шалгуулагч хэл бичгийн шалгалтын босго оноог давсан тохиолдолд ЭЕШ өгөх эрхтэй болно.

 

ЭЕШ-ыг хэдэн сард зохион байгуулах вэ?

 

-Зургадугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна. Нэмж хэлэхэд ЭЕШ-д бүртгүүлж байгаа шалгуулагч бүхэн хувийн и-мэйл хаягтай байх шаардлагатай. Учир нь ЭЕШ-ттай холбоотой мэдээ мэдээллүүдийг бүртгүүлсэн и-мэйл хаяг руу илгээх юм. Мөн ЭЕШ-ын бүртгэлийн хураамж 5800, батламж хуудас 700 төгрөг байна.

 

Энэ жил шууд засалтын шилэн технологи ашиглах уу?

 

-Тийм. Шууд засалтын шилэн технологи ашиглана. Шалгалтын дүн оноог шалгуулагчид  шалгалт дууссаны  дараа 20-60 минутын дотор анхны оноогоо харах боломжтой. Харин 24 цагийн дараа хэмжээс оноо манай вэб хуудсанд тавигдана.

 

Энэ жил ЭЕШ-ыг хэдэн шалгалтын байранд зохион байгуулах вэ?

 

-Өнгөрсөн жил 31 мянган хүүхэд 85 шалгалтын байранд ЭЕШ өгч байсан. Харин энэ жил 39 мянган хүүхэд шалгалт өгч байгаа учраас шалгалтын байрыг нэмэгдүүлж 100-110 байхаар төлөвлөж байна.

 

Өнөөдрийн байдлаар хэдэн шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна вэ?

 

-Өнөөдрийн байдлаар 2532 хүүхэд хандсан байгаа бол 348 хүүхэд бүртгэлийн хураамжаа төлж, бүртгэлээ баталгаажуулсан байна.

 

-Шалгуулагчаас коронавирусийн PCR шинжилгээний хариу шаардах уу?

 

- Улсын онцгой комиссын шийдвэрээр болно.

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин