"АЛТАН БӨМБӨРЦӨГ"-ийн шилдгүүд тодорлоо
2021-03-01

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг кино урлаг, телевизийн салбарын шилдгүүдийн тодруулах "Алтан бөмбөрцөг" наадмын 78 дахь удаагийн шагнал гардуулах ёслол цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. 

 

Энэ удаагийн шагнал гардуулах ёслолоор Солонгос гаралтай Америкийн найруулагч Ли Айзек Чуны "Минари" кино "Гадаад хэл дээрх шилдэг кино" нэр төрөлд "Алтан бөмбөрцөг" хүртжээ. Энэ талаар шагнал гардуулах ёслолын талаар шууд дамжуулсан NBC телевиз мэдээлсэн байна. Англи болон солонгос хэлээр гарсан энэ кино Азийн нэгэн гэр бүл Америкийн алс хязгаарт нүүн ирж, амьдарч байгаа талаар гарах аж.

 

Гадаад хэл дээрх шилдэг кино нэр төрөлд Данийн найруулагч Томас Винтенбергийн "Druk", Франц, Гватемалын хамтарсан "La Ilorona", Италийн "La vita davanti a se" зэрэг кинонууд нэр дэвшсэн байна.

 

"Шилдэг анимэйшн кино" нэр төрөлд Пиксар студийн бүтээсэн, Америкийн найруулагч Питер Доктер болон Кемп Пауэрс нарын бүтээл болох "Soul" кино ялагч болсон байна. 

 

Шилдэг хошин цувралаар "Шиттс Крик" ситком цуврал шалгарсан бол энэ цувралд гол дүрийг бүтээсэн Кэтрин О'Хара хошин цувралын шилдэг эмэгтэй дүрээр "Алтан бөмбөрцөг" гарджээ. 

 

Шилдэг богино хэмжээний цувралаар "Queen's gambit" шалгарсан бол мөн энэ төрлийн шилдэг эмэгтэй жүжигчнээр цувралын гол дүрд тоглосон Аня Тейлор-Жой шалгарч, "Алтан бөмбөрцөг"-ийн эзэн болсон байна.

 

Өнгөрсөн оны наймдугаар сарын 27-ны өдөр таалал төгссөн Америкийн жүжигчин Чедвик Боузманд  "Ma Rainey's Black" киноных нь төлөө "Алтан бөмбөрцөг" олгожээ. Шагналыг түүний бэлэвсэн эхнэр гардан авсан байна.

 

Энд дуулгахад, цар тахлын улмаас цахимаар зохион байгуулж буй 78 дахь удаагийн ёслолын арга хэмжээг Нью-Йоркийн Рокфеллер төвийн үдэшлэгийн танхим болон Беверли-Хилз хотын "Беверли-Хилтон" зочид буудлаас зэрэг дамжуулж байгаа аж. 

 

"Алтан бөмбөрцөг" шагналыг 1943 оны 10 дугаар сард гадаадын сэтгүүлчид үүсгэсэн бөгөөд анхны шагнал гардуулах ёслол 1944 оны нэгдүгээр сард болжээ. 1958 он хүртэл Холливудын дэргэдэх Гадаад сэтгүүлчдийн холбооны гишүүд хөтөлдөг байсан бол цаашдаа алдартай дуучид, мэргэжлийн телевизийн хөтлөгчдийг ёслолын хөтлөгчөөр урьж ажиллуулдаг болсон байна. Шагналтнуудн нэрийг энэ холбооны гишүүд тодорхойлдог юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин