Японы Ерөнхий сайдын нэр хүнд хүүгээс нь болж унаж байна
2021-03-02 08:20

Японы Ерөнхий сайдын карьер том хүүг нь тойрсон дуулианы улмаас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж мэдэхээр байна. Сугагийн хүү нь үнэтэй зоогийн газруудад өндөр албан тушаалтнуудыг нэг бус удаа дайлсан талаарх мэдээлэл Японы хэвлэлүүдээр гарч, ихээхэн шуугиан үүсгэжээ. 


Японы Засгийн газрын тэргүүн сайд нарын танхимын төдийгүй эрх баригч Либерал-ардчилсан намын нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлсэн хүүгийнхээ үйлдлийн төлөө олны өмнө уучлалт гуйхаас аргагүй болов. 

 

"Ард түмнийхээ итгэлийг алдсан болсон хэрэгт гүнээ харамсаж, хүлцэл өчиж байна" хэмээн_ Ёсихидэ Суга гуравдугаар сарын нэгний өдөр Парламентын доод танхимд үг хэлэх үеэрээ мэдэгджээ.

 

Түүний ийн ард түмнээсээ уучлалт гуйх болсон нь хүүгийнх нь үйлдэлтэй холбоотой. Японы хэвлэлүүдийн мэдээлснээр, Tohokushinsha Film гэх хиймэл дагуулын дамжуулалт гүйцэтгэдэг компанид ажилладаг Ёсихидэ Сугагийн хүү сүүлийн хэдэн жилд захиргааны хэрэг, харилцаа холбооны яамны 11 өндөр албан тушаалтныг үнэтэй зоогийн газарт нэг бус удаа урьжээ.  

Энэ яам Японы телерадиогийн компаниудад тусгай зөвшөөрөл олгодог байна. Тиймээс Ерөнхий сайдын хүү өөрийн ажилладаг компанид тусгай зөвшөөрөл авахаар ийнхүү албан тушаалтнуудыг дайлж цайлсан нь илт гэж хэвлэлээр мэдээлж, улмаар ихээн шуугиан тарьжээ.

 

Энэ дуулианы эхний хохирогч нь Японы сайд нарын танхимын олон нийттэй харилцах нарийн бичгийн дарга Макико Танака болжээ. Тэрбээр өмнө нь дээр нэр дурьдсан яаманд ажилладаг басйны дээр Сугагийн хүүгээр дор хаяж нэг удаа дайлуулсан гэнэ. Орон нутгийн хэвлэлийнхний мэдээлснээр, 2019 онд Танака 700 ам.долларын үнэ бүхий хоолыг 2019 онд захиалсан гэнэ.

 

Улс төрийн туршлагатай Танака үйл явдлын өрнөлийг хүлээлгүй, огцрох хүсэлтээ гаргажээ. Түүнчлэн биеийн байдал нь муудсан тул түүнийг Токиогийн нэгэн эмнэлэгт яаралтай хэвтүүлсэн байна. Харин хэвлэлийнхэн үүнийг, Танака сөрөг хүчний зүгээс парламент дээр шалгааж, "байцаахаас зугтах" гэсэн оролдлого хэмээн тайлбарлажээ.

 

Хүүгийнх нь хийсэн энэхүү үйлдэл Ёсихидэ Сугагийн унаж байсан нэр хүндэд улам нэрмээс болж байгаа юм. Түүнийг коронавирустэй тэмцэх тал дээр үр дүнтэй бодлого хэрэгжүүлж чадахгүй байна гэж олон нийт үзэж, Ёсихидэ Сугаг дэмжих хандлага улам бүр буурч байгаа гэнэ.

 

"Санкэй симбүн" сонинд нийтлэгдсэн олон нийтийн судалгаагаар, иргэд Ёсихидэ Сугад төдийлөн итгэл хүлээлгэхгүй байгаа бол Засгийн газарт вакцинжуулалтыг хариуцаж буй, Захиргааны шинэчлэлийн сайд Тарок Коно ихээхэн нэр хүндтэй байгаа гэнэ. Өмнө нь тэрбээр Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яамыг тэргүүлж байсан бөгөөд иргэд гагцхүү түүнийг Ерөнхий сайдын суудалд очих ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлж, 22.4 хувь нь саналаа өгсөн байна. 

 

Харин Ёсихидэ Суга нэр хүндээрээ тавдугаарт бичигдсэн бөгөөд судалгаанд оролцсон хүмүүсийн ердөө 4.6 хувь нь түүнд итгэл хүлээлгэх боломжтой гэж үзжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин