Австри улс "Спутник V" вакциныг үйлдвэрлэх сонирхолтой
2021-03-03

Австри улс  "Спутник V" вакциныг худалдан авах, үйлдвэрлэх боломжийг бий болгох зорилгоор ОХУ-тай хэлэлцээ хийж байгаа талаар Австрийн канцлер Себастьян Курц мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Австри улс ОХУ-тай болон Оросын элчин сайд Дмитрий Любинский, Орос дахь үйлдвэрлэгч компаниудтай байнгын холбоо харилцаатай байгааг канцлер онцолсон байна. 

 

"Хоёр асуудал яригдаж байна. Нэгдүгээрт, Европын эм бэлдмэлийн агентлаг вакцинд зөвшөөрөл олговол  "Спутник V" вакциныг худалдан авах. Хоёрдугаарт, Австрид энэ вакциныг үйлдвэрлэх тал дээр хамтран ажиллах явдал юм" хэмээн Курц мэдэгджээ.

 

Энд дуулгахад, Австрийн канцлер өнгөрсөн онд мэдэгдэл хийхдээ Оросын вакциныг Австрид ашиглахгүй, Пфайзер болон өөр зургаан вакцин авахаар Европын нийлүүлэгчидтэй гэрээ хийсэн хэмээн онцолж байлаа. Харин хоёрдугаар сарын сүүлээр  тэрбээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцан, энэ үеэрээ ЕХ-д бүртгэгдсэнийх нь дараа Оросын вакциныг худалдан авах талаар ярилцжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин