Б.Баярчимэг: Вакцин тариулсан хэсэгт хөндүүр сууснаас өөр шинж тэмдэг илрээгүй
2021-03-04

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын хэмжээнд коронавирусний вакцин тарих ажлыг эхлүүлж, энэ сарын 23-ны өдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт “Астразенека” вакцины анхны тунг хийлгэсэн. Монгол Улс насанд хүрсэн, 2 сая орчим иргэнээ энэ оны долоодугаар сард багтаан дархлаажуулахаар төлөвлөж буй. Үүнээс эхний ээлжинд цар тахлын эсрэг эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдыг хамруулж байгаа.

 

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Оксфордын их сургуулийн эрдэмтэд, Шведийн Вант улсын хамтарсан "AstraZeneca” компанийн хамтын бүтээл "AstraZeneca” вакцины дархлаажуулалтад хамрагдсан нийслэлийн Багахангай дүүргийн эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Баярчимэгээс цөөн асуултад хариулт авлаа.

 

 

-Та хаана, хэзээ вакцинд хамрагдсан бэ?

 

-Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв дээрээ энэ сарын 26-ны өдөр дархлаажуулалтад хамрагдсан. Би жирэмсний амралттай байгаа. Гэхдээ нөөцийн ажиллах хүчин гэдэг утгаар ажлаас дуудаж дархлаажуулсан. Манай дүүрэгт халдварын тэргүүн эгнээнд ажиллаж буй онцгой, цагдаа, эмнэлгийн ажилчид болон 64 хүртэлх насны ахмадууд эхний ээлжинд хийлгэж байгаа. Харин иргэдээ вакцинжуулж эхлээгүй байна.

 

-Вакцин хийлгэсний дараа таны биед урвал, хүндрэл илэрсэн болов уу?

 

-Вакцины эхний тунг нэг миллитрээр гарын булчинд тариулсан. Үүний дараа эмнэлгийн ажилчдын зүгээс халуун уух зүйл өгч 30 минут ажигласан.  Эмч биеийн байдлыг асуугаад халуурах, булчин, үе мөч, толгой өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Энэ шинж тэмдэг нэгээс хоёр хоног үргэлжилнэ. Харин гурваас дээш хоног үргэлжилбэл эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатай. Шинж тэмдэг илэрвэл эргэж мэдээлээрэй гэж зөвлөснөөр гэртээ харьсан. Хэд хоногийн өмнө вакцин хийлгэсэн  манай ажлын зарим хүн халуурсан, толгой өвдсөн зэрэг шинж илэрсэн гэж ярьж байлаа. Ерөнхий биеийн урвал гарч байна гэдэг нь дархлаа сайн тогтож абйгаагийн илрэл гэж үздэг. Надад ямар нэг шинж тэмдэг илрээгүй. Тариа хийлгэсэн хэсэгт их хөндүүр болоод хэд хоногоос хөндүүр буурчихсан.

 

-Энэ эхний тун. Харин дараагийн тунг хэзээ хийлгэх вэ?

 

-Гар утсанд Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх вакцины хоёрдахь тунгаа хийлгэх дараагийн товлол зурвасаар ирсэн. Эхний тунгаас хойш 28 хоногийн дараа хийлгэх юм билээ.

 

-Вакцин хийлгэхээс өмнө ба дараа юуг анхаарвал зүйтэй бол?

 

-Эрүүл мэндийн төвийн ажилчид вакцин хийлгэхээс өмнө үзлэг хийж, амин үзүүлэлтийн асуумж авсан. Харин иргэний зүгээс бэлдэх зүйлгүй.Вакцин хийлгэсний дараа хөндөхгүй, ус хүргэхгүй байх, дулаан хувцаслах, архи, тамхи хэрэглэхгүй байх хэрэгтэй гэж зөвлөдөг.  Дээр хэлсэнчлэн дархлаажуулалт гурван үе шаттай.

 

Нэгдүгээрт, хүлээлгийн өрөөнд эмчид үзүүлнэ

 

Хоёрдугаарт, вакцин хийлгэнэ

 

Гуравдугаарт, дархлаажуулалт хийсний дараа 30 минут эмчийн ажиглалтад байна.

 

-Та вакцины үр дүнд хэр итгэлтэй байгаа вэ?

 

-Вакцин хийлгэлээ гээд коронавирус тусахгүй гэсэн 100 хувийн баталгаа байхгүй. Эхний тунгаа хийлгээд өвчлөхгүй байх магадлал нь 70 гаруй л хувьтай. Харин хоёрдахь тунгаа хийлгээд 96 хувь хамгаална гэж байгаа. Тиймээс вакцин хийлгэсэн ч гэсэн цаашдаа дэглэмээ баримталж явна гэж бодож байна. Дэлхийд маш олон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинууд байдаг. Бага насны хүүхдүүдээс гадна дөнгөж амаржсан эхчүүд амаржаад эхний 24 цаг дотроо эхийн өвчлөлөөс хамгаалах вакцинд хамрагддаг шүү дээ.  Ковид-19 халдварын эсрэг вакцин ч тэр олон вакцины мөн адил өвчнөөс хамгаалах тарилга. Бусад вакцины л адил шилэн савлагаатай, нэг палкон нь 10 удаагийн тунгаар савлагдсан, цайвар саарал өнгийн тариа л байна билээ /инээв.сур/.  

 

-Ярилцсанд баярлалаа.

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин