Мартын 8 буюу цар тахлаар МАРТАГДСАН ЭРХ
2021-03-08

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Манай улс зэрэг зарим оронд энэ өдрийг цэцэг жимсэнд бялхаж өнгөрүүлдэг бол үнэндээ энэ өдөр хүйсийн тэгш байдлыг хангах шаардлагатайг дэлхий дахинд сануулах нэг өдөр юм. 

 

Өнөөдөр дэлхий нийт 110 дахь удаагийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж байна. 

Түүх эхэлсэн нь 

Клара Цеткин. Өнөөдөр баяр тэмдэглэж буй хүн бүр түүний нэрийг нэг ч атугай сонсож байсан байх. Гагцхүү энэ эмэгтэй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тэмдэглэхийг 1910 онд санал болгож байлаа.

 

Яг л "Майн нэгэн" шиг "Мартын 8" ажилчдын хөдөлгөөнөөс гарсан бөгөөд Америк угшилтай. 

 

1908 онд Нью-Йорк хотноо 15 мянган эмэгтэй гудамжинд жагсав. Тэд ажлын өдрийг багасгах, цалин нэмэх, сонгуульд оролцох эрхтэй болгохыг шаардаж байлаа. Үүнээс жилийн дараа Америкийн социалист нам хоёрдугаар сарын сүүлийн нам гарагийг Хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн өдөр болгох санал гаргасан байна. 

 

1910 оны наймдугаар сард Германы социал-демократ зүтгэлтэн Клара Цеткин Копенгагенд болсон бага хурлын үеэр эмэгтэйчүүдийн тэгш эрх, тусгаар байдлын төлөөх Олон улсын тэмцлийн өдрийг бий болгох санал гаргажээ. Энэ саналыг 17 орны оролцогчид бүгд санал нэгтэйгээр дэмжсэн байна.

 

Улмаар 1911 онд энэ өдрийг анх Герман, Австри-Унгар, Дани, Швейцарт тэмдэглэн өнгөрүүлжээ. 

 

Гуравдугаар сарын наймныг сонгох болсон нь 

 

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр үүсэх түүхийн эхлэл болсон Нью-Йорк хотын жагсаал хоёрдугаар сарын 28-ны өдөр болжээ. Харин Клара Цеткин Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй болохыг санал болгосон ч тухайлсан огноо хэлээгүй байна. Ингээд Германд эмэгтэйчүүдийн өдрийг анх тэмдэглэхдээ 1848 оны Пруссийн хувьсгалд зориулж гуравдугаар сарын 19-нд тэмдэглэсэн бол бусад орнуудад гуравдугаар сарын 2, 9, 12 , түүнчлэн тавдугаар сарын 2, 12-ны өдрүүдэд ч тэмдэглэн өнгөрүүлж байжээ. 

 

Харин чухамхүү гуравдугаар сарын найман гэсэн өдөр Орос улсаас гаралтай аж. 1917 оны энэ өдөр (хуучин тооллоор хоёрдугаар сарын 23) Петроград хотын нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд "Талх, энх тайван!" гэсэн уриатай жагссан нь хувьсгал болон өрнөжээ. Долоо хоногийн дараа эзэн хааныг хаан ширээнээс нь буулгасан байна. 

 

1975 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей гуравдугаар сарын наймны өдрийг бүхий л салбар дахь эмэгтэйчүүдийн ололтыг тэмдэглэх, тэгш бус эрхийн төлөө тэмцэх өдөр болгон тунхаглажээ.

 

Мартын 8-ны өнгө 

Энэ баярт өнгө бий. Цэцэг жимс, инээд хөөр гээд шилжсэн утгаар биш шууд утгаараа бэлгэдлийн өнгөтэй байдаг. 

 

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өнгө нь нил ягаан. Учир нь энэ өнгө давуу тал, шударга ёсыг бэлгэддэг аж. 

Тэгш эрхийн төлөөх тэмцлийн бэлгэ тэмдэг болгон энэ өнгийг ашиглах саналыг 1908 онд Британийн Эмэгтэйчүүдийн улс төрийн холбоо санал болгожээ. 

 

Улс орнуудад Мартын 8-ныг хэрхэн тэмдэглэдэг вэ? 

 

Орос болон Монголд Мартын 8 амралтын өдөр байдаг. Энэ өдрөөр Орост болон Монголд эмэгтэйчүүдэд бэлэг, цэцэг өгч, баяр дагасан бараа бүтээгдэхүүний худалдаа эрс өсдөг байна.

 

Хятадад эмэгтэйчүүдийн ажлын цаг 8 биш 4 цаг үргэлжилдэг бөгөөд энэ нь гэхдээ хуулийн дагуу биш БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс гаргасан зөвлөмж төдий тул зарим ажил олгогчид энэ зөвлөмжийг хэрэгжүүлдэггүй аж. АНУ-д гуравдугаар сарын эмэгтэйчүүдийн түүхийн сар гэж тооцдог. Жил бүр Ерөнхийлөгч нь мэдэгдэл хийж, Америкийн эмэгтэйчүүдийн ололт, хувь нэмрийг онцолдог байна.

 

Тэмдэглэж баярлах уу, тэмцэж сануулах уу? 

 

НҮБ-ын "НҮБ-эмэгтэйчүүд" хөтөлбөрийн мэдээлснээр коронавирусийн цар тахал хүйсийн тэгш эрхийн төлөөх 25 жилийн тэмцлийг үгүй хийсэн гэнэ. Хөл хорионы улмаас дэлхий даяар эмэгтэйчүүд гэрийн ажлыг илүү ихээр хийх болж, карьер болон боловсролын боломжуудаа алджээ.

 

Өнгөрсөн жил коронавирусийн халдварыг үл хайхран олон оронд эсэргүүцлийн жагсаал болж байлаа. Ихэнх нь тайван жагсаал болсон ч Киргиз, Пакистан, Мексик зэрэг орнуудад тайван жагсаал цагдаагийнхантай хийсэн мөргөлдөөн, баривчилгаагаар өндөрлөж байсан юм. Энэ жилийн хамгийн анхны жагсаал гуравдугаар сарын долооны ням гарагт тайван болж өнгөрсөн байна.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин