Путин мэндчилгээндээ эмнэлгийн ажилтан эмэгтэйчүүдийг онцлов

img

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг ОХУ-ын бүх эмэгтэйчүүдэд хүргэжээ. 

 

Тэрбээр даваа гарагт шилжих шөнө мэндчилгээгээ хүргэсэн бөгөөд эмэгтэйчүүд дэлхий ертөнцөд хайр энэрэл, зөөлөн сэтгэл, гоо үзэсгэлэн, эхийн хайрыг өгөхийн зэрэгцээ бүхий л салбарт бүгдийг амжуулдаг хэмээн онцолсон байна. 

 

"Бүхнээ хүүхдүүд, тэдний хөгжил, хүмүүжилд зориулж, тэдний төлөө санаа зовнин, хүүхдүүдийнхээ амжилтаар бахархан, баярлаж, хүүхдүүд нь сайн, амжилттай хүн болон өсөхийн төлөө бүгдийг хийдэг" хэмээн Владимир Путин цохон тэмдэглэсэн байна.

 

Оросын Ерөнхийлөгч энэ жилийн мэндчилгээндээ "тахлын хүнд нөхцөлд" өгөөмөр сэтгэл, мэргэжлийн ур чадвараа гарган зүтгэж буй эмнэлгийн салбарын эмэгтэй ажилтнуудыг онцолжээ.

 

"Анхаарал халамж, сайхан сэтгэл, зөөлөн хандлага хүмүүст яг л эм шиг хэрэгтэй гэдгийг эртнээс мэднэ. Та бүхэн өвчтөнүүддээ чухамхүү тийм жинхэнэ эмэгтэй хүний дэмжлэгийг үзүүлж байна" хэмээн Путин өгүүлжээ.

 

Энд дуулгахад, Оросын Ерөнхийлөгч гуравдугаар сарын наймны өдөр тохиодог Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийн өмнөх шөнө хүргэдэг уламжлалтай. Өмнө нь тэрбээр 2017, 2018 онуудад баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ Константин Бальмон, Андрей Дементьевийн нарын шүлгээс иш татаж байжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ