АНУ Оросыг вакцины талаарх худал мэдээлэл түгээж байгаад буруутгав
2021-03-09

Оросын тагнуулын албадаас чиглэл авдаг Оросын дөрвөн сайт Америкийн коронавирусээс сэргийлэх вакцины талаарх хуурамч мэдээлэл түгээж байна гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Нед Прайс мэдэгджээ. 

 

Өмнө нь, Оросын тагнуулынхан Баруунд боловсруулсан вакцинуудын аюулгүй байдалд итгэх итгэлийг тасалдуулах зорилгоор хуурамч мэдээллийг түгээх өргөн цар хүрээтэй ажил зохион байгуулж байгааг баталсан нийтлэл The wall Street Journal сэтгүүлд гарч байсан юм. Энэ нийтлэлийн дараа Төрин департаментын төлөөлөгчөөс нийтлэлд агуулагдах мэдээллийн талаар тайлбар өгөхийг сэтгүүлчид хүссэн байна.

 

"Оросын тагнуулын албад удирдаж, худал мэдээлэл тараадаг Оросын дөрвөн цахим хэвлэл байгааг манай Олон улсын хамтын ажиллагааны төв илрүүлснийг бид батлан хэлж чадна. Эдгээр сайтуудад АНУ-ын Хүнс, эм бэлдмдэлийн чанарын асуудал эрхэлсэн газраас зөвшөөрсөн хоёр вакцины талаарх худал мэдээллүүд нийтлэгдсэн" хэмээн Төрийн департаментын төлөөлөгч хариулжээ.

 

Түүнчлэн, Орос улс хуучин аргаа ашиглаж, хүмүүсийн амь насыг авардаг вакцины талаар худал мэдээлэл түгээснээрээ хүмүүст хор учруулж байна гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч мэдэгдсэн байна. Түүнчлэн зөвхөн Оросын төдийгүй олон улсын тавцанд хуурамч мэдээлэл, суртал ухуулгатай тэмцэх зорилгоор Олон улсын хамтын ажиллагааны төв болон АНУ-ын бусад байгууллагууд ажиллаж байгааг цохон тэмдэглэжээ.

 

АНУ ийнхүү Оросыг вакцины талаарх худал мэдээлэл түгээсэнд буруутгаж байгааг ОХУ-ын зүгээс удаа дараа үгүйсгэж, харин вакцин хамтран боловсруулах саналыг нэг бус удаа тавьсан гэж Российская газета мэдээлсэн байна.

 

Саяхан Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков The Wall Street Journal  сэтгүүлд гарсан нийтлэлийг няцаан, "хэрэггүй зүйл" хэмээн нэрлэж байсан талаар РИА Новости мэдээлж байв. Тэрбээр Оросын тусгай албад вакцин шүүмжлэхтэй ямар ч хамаагүй гэдгийг онцолсон юм.

 

"Спутник V" вакцины талаар гарсан сөрөг нийтлэл, мэдээлэл болгоныг бид Америкийн тусгай албад гэж үзсэн бол бид солиорох байсан. Учир нь Англосаксоны хэвлэлүүдээр өдөр бүр, цаг мөч тутамд манай вакцины талаарх худал мэдээлэл гарч л байдаг" хэмээн Дмитрий Песков мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ песков гэж пүтлерийн жоомонд итгэж болохгүй
2021-03-09