Ханхүү Харри, Меган Маркл нарын ярилцлага дуулиан тарив
2021-03-09 09:15

Ханхүү Харри болон түүний эхнэр Меган Маркл нарын Опра Уинфрид өгсөн ярилцлага ням гарагийн үдэш Си-Би-Эс телевизээр гарсан нь ихээхэн дуулиан тарьжээ. Энэ ярилцлагын үеэр Харри эхнэр нь жирэмсэн, охин төрүүлнэ хэмээн өгүүлсэн байна. 

 

Меган анхны хүү Арчигаа тээж байх үед хатан хааны гэр бүлийнхэн ирээдүйд мэндлэх хүү нь ханхүүгийн хэргэм авахгүй, тиймээс хатан хааны гэр бүлийн бусад гишүүн шиг хамгаалалттай байхгүй гэж хэлж байжээ. Энэ нь уламжлалыг бүдүүлгээр зөрчсөн хэрэг гэж Меган үзэж байгаагаа ярьсан байна. 

 

"Тэд ингэх эрхгүй. Намайг жирэмсэн байхад Арчид зориулж уламжлалыг өөрчлөх хүсэлтэй байгаагаа тэд хэлж байсан. Яагаад гэдэг нь тун сонин" хэмээн Меган өгүүлжээ.

 

"Яагаад ийм зүйл болсон талаар та ямар бодолтой байна вэ? Арьсны өнгөнөөс нь болсон юм болов уу?" хэмээн Опра асуухад "Би танд чин үнэнээр нь л хариулья. Намайг жирэмсэн байх үед хүүд хамгаалалт гаргахгүй, хэргэм зэрэг олгохгүй гэсэн яриа гарч байсны дээр хүү маань төрөхөд арьс нь хэр бор байх бол гэсэн болгоомжлол л тэдэнд байсан" хэмээн Меган хариулжээ.

 

Түүнчлэн ярилцлагынхаа эхэн үед Меган хурим болохоос өмнө ханхүү Харригийн талаарх мэдээллийг интернетээс олж уншиж байгаагүй гэдгээ хэлсэн байна. Хатан хааны гэр бүлийн талаар мэддэг байсан ч тэдний амьдралын нарийн ширийнийг хэзээ ч сонирхдоггүй байсан гэж Меган өгүүлжээ. 

 

Түүнчлэн Харри, Меган нарын хурим дэлхийн томоохон телевизийн сувгууд шууд дамжуулсан албан ёслолоос гурван өдрийн өмнө болсон гэж Опрад ярьжээ. 

 

"Энэ бол олон нийтэд зориулсан жүжиг байсан. Харин бид хуримыг зөвхөн бидэнд зориулсан байхыг хүссэн тул албан ёслолоос өмнө хуримаа хийчихсэн байсан юм" хэмээн Меган өгүүлжээ. 

 

Тэдний өгүүлснээр нууц хуриманд ямар ч зочид, тэр бүү хэл гэр бүлийн гишүүдийг ч уриагүй гэнэ. Энэ хуримын үеэр авсан гэрэл зургуудаар өдгөө гэрийнхээ ханыг гоёсон гэж Меган өгүүлжээ.

 

Амиа хорлох тухай бодол 

Меганы өгүүлснээр, тэрбээр хатан хааны гэр бүлийн гишүүн болсныхоо дараа ихээхэн ганцаардаж, байнга л амаа хамхиж явах хэрэгтэй болсон гэнэ. Гэхдээ Меганы өгүүлснээр хатан хаан түүнд үргэлж найрсаг ханддаг байсан аж. 

 

Түүнчлэн хатан хааны гэр бүлийн гишүүн байх үед байнга л амиа хорлох бодол түүнд орж ирдэг байсан хэмээн Меган өгүүлжээ. "Энэ бол жинхэнэ, аймшигтай бодлууд байсан. Намайг ганцааранг нь орхих боломжгүй байлаа" хэмээн Меган өгүүлжээ.

 

Түүний өгүүлснээр хатан хааны ордны хэд хэдэн ажилтанд хандаж, эмнэлэгт хэвтэхэд тусламж үзүүлэхийг хүсэхэд ийм алхам нь таагүй үр дагавар дагуулна гээд татгалзсан байна. Үүний дараа Меган Диана гүнжийн хамгийн дотны найзуудын нэгд хандсан ч амиа хорлох бодлоо авч хаяагүй л байсан гэдгээ нуусангүй.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин