АНУ-ын өөр нэг муж амны хаалт зүүх журмыг цуцлав
2021-03-09 10:31

АНУ-ын Вайоминг мужийн захирагч Марк Гордон гуравдугаар сарын 16-наас эхлэн коронавирусийн халдвартай тэмцэх зорилгоор авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээг цуцална гэж мэдэгджээ. Эдгээрийн дунд амны хаалт зайлшгүй зүүх журам багтаж байгаа гэнэ. Хоригуудыг цуцалснаар уушийн газар, зоогийн газар, бэлтгэлийн танхим, кинотеатрууд "хэвийн горимоор ажиллах боломжтой" аж. 

 

Вайоминг мужийн нутаг дэвсгэр дээр коронавирусийн халдварын тохиолдол болон хэвтэн эмчлүүлэх тохиолдол буурч байгаатай холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргасан гэж мужийн захирагч Гордон мэдэгджээ. Түүнчлэн тус муж вакцинжуулалтын тал дээр "ихээхэн амжилт" гаргасан гэж захирагч онцолсныг Фокс Ньюс дамжуулсан байна. 

 

Хэдийгээр хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцалж байгаа ч "коронавирусийн цар тахлын үед үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээж, ухамсартай байх"-ыг мужийн оршин суугчдад уриалжээ. 

 

АНУ коронавирусийн халдвар болон энэ өвчнөөс үүдэлтэй нас баралтын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа ч ийнхүү зарим муж хязгаарлалтуудаа цуцалсаар байгаа юм. Өмнө нь Техас болон Миссисипи муж амны хаалт  зүүх журам цуцалсныг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден шүүмжилж, энэ алхам нь "неандерталь сэтгэлгээ"-ний илрэл хэмээн буруутгаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин