NYT: АНУ Оросын эсрэг цахим халдлагад бэлдэж байна
АНУ-ын эрх баригчид 2020 оны сүүлээр Америкийн Засгийн газрын сүлжээнүүдийг хакердсан хэргийн ард Орос улс байгаа хэмээн үзэж байгаа бөгөөд ойрын үед энэ халдлагад хариу өгөхөөр бэлдэж байгаа гэнэ. Энэ талаар нөхцөл байдалтай ойр албаны этгээдээс авсан эх сурвалжтайгаар "Нью-Йорк Таймс" сонин мэдээлжээ.
Энд дуулгахад, 2020 оны сүүлээр тухайн үеийн Ерөнхийлөгч Дональд Трамп төрийн тэргүүний сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, АНУ-д дотоод улс төрийн тэмцэл ид явагдаж байх үед Америкийн Засгийн газрын сүлжээнүүдийн эсрэг Орос улс өргөн цар хүрээтэй цахим халдлага үйлдсэн гэх мэдээлэл гарч байлаа. Тухайн үед Трамп цахим халдлагын цар хэмжээний талаар хэтрүүлэн мэдэгдсэн, ямар ч хор хохирол учраагүй хэмээн мэдэгдэж байв.
Харин Жозеф Байдены захиргаа бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээсээ хойш энэ сэдвийг дахин хөндөж, цахим халдлагын төлөө Орост хориг тавина гэж сүрдүүлсээр байгаа юм.
Нью-Йорк Таймс сонины мэдээлснээр, АНУ-ын эрх баригчид энэ цахим халдлагад ямар хариу өгөхөө эцэслэн шийдсэн гэнэ. Америкийн эрх баригчид Оросын эсрэг хэд хэдэн цахим халдлага үйлдэхээр болсон гэж сонинд мэдээлсэн байна. Энэ халдлага нь "нууц сөрөг цохилт" байх бөгөөд гадаад ертөнц энэ талаар огт мэдэхгүй, харин Оросын тагнуул, цэргийнхэн болон Ерөнхийлөгч Владимир Путин л олж мэднэ гэж Нью-Йорк Таймс сонинд мэдээлэл өгсөн эх сурвалж мэдээлсэн байна.
Мөн цахим халдлагын хариу болгож Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Гэвч өнөө хэр нь энэ цахим халдлагын ард Орос зогсож байгааг батлах баримт олдоогүй л байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ