COVID-19: Вакцинжуулалтын ачаар Британид нас баралт буурч байна

img

Их Британид ахмад хүмүүсээ түрүүлж вакцинжуулах бодлого баримтлан, олныг хамарсан дархлаажуулалтын ажил эхлүүлсэн нь үр дүнгээ өгч байгаа талаар ВВС мэдээлжээ. Их Британид өнөөдрийн байдлаар 21.3 сая хүн коронавирусээс сэргийлэх вакцины эхний тунг тариулсан байна. 

 

Хоёрдугаар сарын дундуур тус улсад 70 болон түүнээс дээш насны иргэд, ахмадын асрах байранд амьдардаг ахмадууд, эмнэлгийн ажилтнууд болон эрүүл мэндийн шалтгаанаар нэн тэргүүнд тарилга хийх шаардлагатай хүмүүст коронавирусээс сэргийлэх вакцин тарьсны дараа вакцинжуулалтын хөтөлбөрийн хоёр дахь шат эхэлжээ. Нэгдсэн вант улсын Эрүүл мэндийн үндэсний алба вакцинжуулалтын дараагийн шатанд шилжиж, 60 болон түүнээс дээш насныхан, мөн хууч өвчинтэй хүмүүсийг дархлаажуулах ажлаа эхэлсэн байна.

 

Ирэх сарын 15-ны өдрийг хүртэл Британийн 50 хүртэлх болон 50-иас дээш насныхныг вакцинд хамруулах аж. Энэ хөтөлбөр нь Британийн түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй вакцинжуулалт болно гэж Эрүүл мэндийн үндэсний алба мэдэгджээ.

 

Тус байгууллагаас гаргасан мэдээллээр, вакцинжуулалтын ачаар сүүлийн ганцхан долоо хоногийн дотор коронавирустэй холбоотой нас баралт дөрөвний нэгээр буурсан бол ахмад настнуудын дунд коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт хүргэгдэх тохиолдол ч буурсан байна. Ингэснээр вакцинжуулалтын хөтөлбөр үр дүнгээ өгч байна хэмээн ВВС дамжуулжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ