COVID-19: Гадаа халдвар авах боломжтой юу?

img

Урин дулаан цаг ирж, хөл хорио суларснаар хүмүүс цэвэр агаарт цагийг өнгөрүүлэх нь улам бүр нэмэгдэж байна. Агаарт коронавирусийн халдвар авах эрсдэл бий эсэх энэ тохиолдолд амны хаалт хамгаалж чадах эсэх талаар эрдэмтэд ямар тайлбар өгсөн талаар Дойчи Вилли агентлагаас авсан эх сурвалжтайгаар хүргэе.

 

Гадаа коронавирусийн халдвар авах нь битүү орчинтой харьцуулахад харьцангуй бага гэнэ. Учир нь халдвар дамжихад өвчилсөн хүн амьсгалах үед гарах шингэний жижиг хэсгүүд бөгөөд гадаа агаарт ийм жижиг хэсгүүд нь маш хурдан аюулгүй болдог гэж шинжээчид тайлбарлажээ.

 

"Энэ нь агаарын идэвхтэй урсгалтай холбоотой бөгөөд үүний ачаар амьсгалах үед гарсан жижиг хэсгүүд нэг дор бөөгнөрдөггүй" хэмээн Бонны их сургуулийн эмнэлгийн Эрүүл ахуй, нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн тэргүүн Нико Муттерс тайлбарласан байна.

 

Гадаа гудамжинд коронавирусийн халдвар авах боломжтой юу?

 

Хэдийгээр гадаа агаарын урсгалын ачаар халдвартай хүний амьсгалаас гарсан жижиг хэсгүүд богино хугацаанд аюулгүй болдог ч гадаа коронавирусийн халдвар авахгүй гэх баталгаа байхгүйг эрдэмтэд анхааруулж байна. Эрдэмтдийн анхааруулснаар хязгаарлагдмал орон зайд олон хүн цугларсан үед халдвар тархах бүрэн боломжтой гэнэ. Тиймээс гадаа гудамжинд ч хүн хоорондын зай барих шаардлагатайг анхааруулжээ.

 

"Хүн хоорондын зай барилгүй, нүүр тулан зогсож, чанга ярьж, дуулж, эсвэл хашгирах юм бол агаараар биш дуслын замаар халдвар авна" хэмээн вирус судлаач Александер Кекуле өгүүлжээ.

 

Шинжээчдийн анхааруулснаар гадаа тэврэлдэх, үнсэлцэхээс зайлсхийх хэрэгтэй гэнэ. Харин гадаа гудамжинд хүмүүсийн хажуугаар зөрж өнгөрөх үед халдвар авах эрсдэл бараг байхгүй гэж шинжээч тайлбарлажээ. Хятадад хийсэн судалгаагаар 7324 тохиолдлын ердөө нэг нь л гадаа халдвар авсан тохиолдол байсан гэнэ. Германы Роберт Кохын хүрээлэнгийн мэдээлснээр мөн л битүү орчинд биш л бол гадаа гудамжинд халдвар авах тохиолдол тун бага аж. 

 

Гадаа амны хаалт зүүх шаардлагатай юу? 

 

Хүн хоорондын зай барих боломжгүй, хүмүүсийн дунд байгаа үед гадаа ч амны хаалт зүүх шаардлагатайг эрдэмтэд анхааруулсан байна. 

 

"Автобусны буудал дээр автобус хүлээх зуур, эсвэл дугаарлаж зогсож байгаа бол амны хаалт зүүх  хэрэгтэй" гэж Лейбницийн нэрэмжит эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд зөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Kenchbish:
Машин дотроо ганцаараа явах үед заавал маск зүүх шаардлагатай юу? Замын цагдаа зүүх шаардлага тавьдаг Биелүүлэхээс яахав дээ Миний төлөө л хэлж байхад
2021-03-09