“Соёлын өвсний үндэс буцалтгүй тусламжийн төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа
2021-03-10

Япон Улсын Засгийн газрын “Соёлын Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд “Мэргэд лаборатори сургуулийн япон хэлний ангийг засварлах төсөл” хэрэгжихээр боллоо. 3 дугаар сарын 10-ны өдөр Японы ЭСЯ-нд болсон ёслолын арга хэмжээний үеэр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж нар төслийн гэрээнд гарын үсэг зурав.

 

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн Японы дэмжлэг нь япон хэл сурч буй Мэргэд лаборатори сургуулийн сурагчдын суралцах орчинг сайжруулаад зогсохгүй Өвөрхангай аймгийн боловсон хүчинг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж буйд талархал илэрхийлье” хэмээн дурдав.

 

Мэргэд лаборатори сургууль нь 1998 онд байгуулагдсанаас хойш 22 жилийн хугацаанд сурагчдад япон хэлийг зааж сургахын хамт япон хэлний түвшин тогтоох шалгалт авч байна. Энэ удаагийн тусламжаар япон хэлний ангийг засварлан бүрэн тохижуулахаас гадна компьютер, принтер зэрэг мэдээлэл, технологийн тоног төхөөрөмж нийлүүлж сургалт явуулах орчин, нөхцөлийг сайжруулах юм.

 

Төслийн нийт өртөг 120 сая төгрөг, хэрэгжих хугацаа 6 сар юм байна. 

Эх сурвалж: Японы Элчин сайдын яам

 

Shuud.mn
Сонин хачин