COVID-19: Вакцинаас татгалзаж, бурханд найдаж байсан Танзанийн Ерөнхийлөгч халдвар авчээ
2021-03-11

Иргэдээ вакцинжуулахаас татгалзаж, мөргөл залбирал үйлдэн биеэ эмчлэхийг уриалж байсан Танзанийн Ерөнхийлөгч Жон Магуфули коронавирусийн халдвар авсан талаар Financial Times мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 61 настай ерөнхийлөгч хүмүүстэй холбогдоогүй 10 хоносон бөгөөд биеийн байдал нь тун хүнд байгаа гэнэ. Жон Магуфули Кенийн Найробигийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

 

Өмнө нь, хоёрдугаар сард Танзанийн Ерөнхийлөгч Жон Магуфули хүмүүсийг өвчнөө эмчлэхийн тулд мөргөл үйлдэхийг уриалж байлаа. 

 

"Танзаничуудыг Бурханд залбирахыг уриалж байна. Гурван өдөр мөргөл үйлдэж, мацаг барьснаар бид ялна гэдэгт би итгэлтэй байна" хэмээн тэрбээр мэдэгдэж байв.

 

Түүнчлэн Эрүүл мэндийн яам нь  коронавирусээс сэргийлэх вакцин худалдан авах, хүн амаа вакцинжуулах төлөвлөгөөгүй байгаагаа хоёрдугаар сард мэдэгдэж байлаа. Энэ улсын Эрүүл мэндийн сайд нь Танзанийн хүн ам "бүрэн аюулгүй байдалд" байгаа гээд, иргэдийг ариун цэвэр сахих, шаардлагатай бол "өвсөөр утлага хийх"-ийг уриалж байв.  

 

Эрүүл мэндийн сайд нь ийн вакцинаас татгалзаж мэдэгдэл хийхээс өмнө Танзанийн бүс нутгийн захиргааны асуудал эрхэлсэн сайд Сулейман Яфо коронавирусийн тархалтаас сэргийлэхийн тулд эрх баригчид "утлагын эмчилгээ"-г сурталчлах аян эхлүүлж байгааг зарлаж байлаа.  

 

"Манай оронд вирус орж ирэхгүй бид уур сорж, жимс, ногоо хэрэглээд устгана" хэмээн Яфо мэдэгдэж байв.

Утлагын эмчилгээг Танзанид ургадаг төрөл бүрийн өвс ургамал болон ним гэх модны навчны холимогоор хийдэг гэнэ. Ним гэх энэ модыг "бүх өвчнөөс хамгаалагч" гэж үздэг аж. Түүнчлэн Танзанийн сайд цагаан гаа, сармис, шийгуа, апельсин, нимбэг ихээр идэхийг зөвлөсөн байна. Энэ эмчилгээ ч ихээхэн эрэлттэй байгаа гэнэ. 

 

"Вирусгүй орон"

Танзани улс өөрсдийгөө "вирусгүй орон" гэж зарласан. Үнэн хэрэгтээ энэ улсад коронавирус тархахгүй байгаа хэрэг биш харин эрх баригчид нь халдварын тохиолдлыг мэдээлэхийг хориглосон юм.

 

Энэ оны нэгдүгээр сард сард Танзанийн Ерөнхийлөгч Жон Магуфули вакцин авах ямар ч шаардлагагүй гэж мэдэгдэж байлаа. Харин хоёрдугаар сард Европын холбоо коронавирусийн цар тахалтай тэмцэхэд, тэр дундаа вакцин, амны хаалт, эм худалдан авахад нь зориулж Танзанид 27 сая евро олгоход Танзанийн эрх баригчид мөнгийг нь авмагцаа вакцин авахгүй гэж мэдэгдсэн юм. Тэрбээр үүнийгээ эмийн ургамалд итгэдэг шигээ эм бэлдмэлд итгэдэггүй гэж тайлбарласан бөгөөд ард иргэддээ хандан сүсэг бишрэлтэй байхыг уриалж байв. 

 

"Бид энэ аюултай өвчинтэй тэмцэх үедээ нэн тэргүүнд Бурханд найдах ёстой. Мэдээж эмч нарын зөвлөж байгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Гэхдээ бид жил гаруй хугацаанд вирусгүй амьдарч, энэ амны хаалтгүй болоод л байна, бидний ихэнх нь амны хаалт зүүгээгүй" хэмээн Танзанийн Ерөнхийлөгч Жон Магуфули өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэнийг SABC News дамжуулж байв.

 

Одоо энэ улсад өвчлөлийн тохиолдол хэд байгааг мэдэх боломжгүй. 2020 оны дөрөвдүгээр сард тус улсад халдварын тохиолдол 509 болсноос хойш эрх баригчид шинэ тохиолдлын мэдээллийг зарлахаа зогсоосон байна. Орон нутгийн хэвлэлүүд эрх баригчдаас зөвшөөрөл аваагүй бол коронавирусийн сэдвээр мэдээлэл бэлтгэхийг хоригложээ. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
энэ христ лал их галзуурвал аймшигтай юм болдогыг түүх гэрчилнэ
2021-03-14
Зочин:
Далай лам вакцин хийлгээ биздээ Нөгөө гандангийн хар үрэл яасан бэ
2021-03-11
Зочин:
Хар үрэл зүүгээд явхад вирус тусахгүй гээд байсан гандангийн лам нар вакцинд хамрагдана гээд л ярьж байна шүү дээ Далай лам хүртэл вакцин хийлгээ биздээ
2021-03-11
ЗОЧИН:
БУРХАНЫ ГЭСГЭЭЛЭЭ ХҮРТЭЖ ДЭЭ??? ХӨӨРХИЙ, МАНАЙХАН Ч ГЭСЭН НЭГ ХЭСЭГ БИД ТЭНГЭР ЗАЯАТАЙ КОРОНА ВИРУС ТУСАХГҮЙ,ҮХЭХГҮЙ,ХОНИНЫ МАХ, ҮРЭЛ БАЙНА ГЭЭД СОЛИОРООД БСАН,ТЭГЭЭД ЯАСАН ОДОО БАРАГ АЛДААД,ДИЙЛЭХГҮЙДЭЭ ТУЛААД ЭНЭ ВИРУСЭЭР ҮХЭЖ ҮРЭГДЭЭД ЭХЭЛСЭН, МУХАР СҮСЭГ ГЭЖ ИЙМ Л БАЙГАА ЮМ???
2021-03-11
Зочин:
Хар үрэл зүүгээд явхад вирус тусахгүй гээд байсан гандангийн лам нар вакцинд хамрагдана гээд л ярьж байна шүү дээ Далай лам хүртэл вакцин хийлгээ биздээ
karma
2021-03-11