Байден: АНУ бусад орнуудтай вакцинаа хуваалцахад бэлэн
2021-03-11

АНУ-ын бүх иргэн вакцинд хамрагдах боломжтой болсон үед коронавирусийн халдвараас сэргийлэх вакциныг тус улс бусад орнуудтай хуваалцахад бэлэн гэж Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ. 

 

"Энэ оны тавдугаар сарын сүүл гэхэд насанд хүрсэн хүн амаа бүгдийг нь вакцинд хамруулах хангалттай хэмжээний тунтай болох замдаа бид явж байна. Өмнө нь тооцоолж байснаас эрт гэсэн үг" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ.

 

Түүнчлэн Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний яаманд дахин 100 сая тун вакцин худалдаж авахыг үүрэг болгосон талаараа онцолсон байна. Ингээд төлөвлөсний дагуу иргэдээ вакцинжуулж, вакцины илүүдэл гарвал АНУ бусад улстай коронавирусээс сэргийлэх бэлдмэлиийг хуваалцахад бэлэн гэж Жо Байден мэдэгджээ.

 

"Бусад улс оронд аюулгүй байдал үүсээгүй тохиолдолд бид ч аюулгүй байж чадахгүй" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цохон тэмдэглэжээ.

 

Энд дуулгахад, хоёрдугаар сард Жо Байден мэдэгдэл хийхдээ долдугаар сарын сүүл гэхэд бүхий л америкчуудыг вакцинд хамруулна хэмээн амлаж байлаа. Тэрбээр 300 сая хүнд зориулан вакцины тун авна гэж төлөвлөж байгаагаа онцолсны дээр АНУ одоо вакциныг шаардлагатай хэмжээгээр нөөцөлж байгаа хэмээн мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин