Марадонагийн шүтэн бишрэгчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ

Домогт хөлбөмбөгчин Диего Марадонагийн үхлийн шалтгааныг тодруулах, буруутай этгээдүүдийг шийтгэх ажиллагааг түргэвчлэхийг шаардсан эсэргүүцлийн жагсаал Аргентины нийслэлд болсон талаар ТАСС агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ жагсаалд Марадонагийн төрөл төрөгсөд ч оролцсон байна.
Тодруулбал, "Тэр нас бараагүй, түүнийг хөнөөсөн" гэсэн уриатай эсэргүүцлийн жагсаалд Марадонагийн охид болох Дальма болон Жаннина, тэдний ээж, хөлбөмбөгчний эхнэр Клаудия Вильяфанье нар оролцжээ. Тэд гартаа "Буруутнуудыг олон нийт шийтгэж, шүүхээс шийтгэл оноо. Дугаар 10 (shuud.mn: Марадонагийн тоглодог байсан дугаар) -д зориулж шударга шүүхийг тогтоо" гэсэн бичиг барин жагсчээ.
Эсэргүүцлийн жагсаалын үеэр Буэнос-Айрес хотын төвд эмх журмыг сахиулах үүднээс цагдаагийн нэмэлт хамгаалалт гарсан байна. Эсэргүүцлийн жагсаал харьцангуй тайван өнгөрсөн ч цугласан олны дунд багахан зөрөлдөөн, зодоон гарсан гэж ТАСС агентлаг мэдээлжээ.
Эргэн сануулахад, Диего Марадона 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 61 насандаа таалал төгссөн. Түүний үхлийн шалтгааныг зүрхний дутагдлаас үүдэлтэй хэмээн дүгнэсэн бөгөөд Марадонагийн эмч нар ажлын алдаа гаргасан байж болзошгүй гэж Аргентины прокурорын газар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ