Эстонид хатуу хөл хорио тогтоов
2021-03-11

Гуравдугаар сарын 11-ний пүрэв гарагаас эхлэн Эстонд хатуу хөл хорио эхэлж байна. Тус улсад коронавирусийн халдвар хурдацтай дэгдэж байгаатай холбоотойгоор ийнхүү хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон бөгөөд хязгаарлалтууд хамгийн багадаа нэг сарын хугацаанд үргэлжилнэ гэж ВВС мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, олон нийтийн газраар хоёроос дээш хүн хамт явахыг хориглоно, мөн бусад хүмүүстэй хоёроос доошгүй метрийн зай баримталх ёстой аж. Бүх дунд сургуулийн сурагчид алсын зайн сургалтал шилжихийн дээр онц шаардлагагүй бол хүүхдүүдээ цэцэрлэгт явуулахгүй байхыг Эстонийн Засгийн газар уриалжээ. 

 

Түүнчлэн спортоор хичээллэх, дасгал бэлтгэл хийх, нэмэлт сургалтад хамрагдах, мэргэжил дээшлүүлэх курс зохион байгуулахыг хориглосон байна. Ирэх сарын 11-нийг хүртэл угаалгын газар, СПА, усан чийрэгжүүлэлтийн төв, усан сангууд, театр, кино, музей, шөнийн клубууд зэрэг олон нийтийн газрууд хаалгаа барьж байгаа аж. Гагцхүү нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн худалддаг дэлгүүрүүд болон шатахуун түгээгүүрийн газрууд л хэвийн горимоор ажиллах гэнэ.

 

Эстони улсад сүүлийн 14 хоногт 100 мянган хүн амд 1361 шинэ тохиолдол ноогдсон бөгөөд эерэг гарсан шинжилгээ 19 хувийг эзлэж байгаа нь Европын холбоон дахь хамгийн өндөр үзүүлэлтийн нэг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин