Газрын тосны үнийн өсөлт Монголд нөлөөлөх үү...
2021-03-10

 

“Газрын тосны үнэ цаашид өсөх төлөвтэй гэж шинжээчид тооцолж байна” хэмээн Bloomberg мэдээллээ. Вакцинжуулалт үргэлжилж байгаа нь газрын тос, түлшний эрэлтийн төлөвт эергээр нөлөөлнө гэж үзэж байгаа аж. 2020 онд хамгийн их хохирол амссан аялал жуулчлал, агаарын тээврийн салбар эргэн сэргэж байгаа нь  газрын тосны бүтээгдэхүүний эрэлтийг дэмжихээр байна. Олон улсын зах зээлд гарч буй үнийн өөрчлөлт Монголд мөн адил нөлөөлж эхэлсэн хэмээн эдийн засагч Д.Ангар хэллээ. Тэрбээр “Дэлхийн зах зээлийн өөрчлөлтийг бид хязгаарлах боломжгүй. Ямар ч сайд, дарга байсан үнийн өсөлтийн нөлөө эдийн засагт орж ирнэ. Бид үүнийг хааж чадахгүй. Чөлөөт, нээлттэй эдийн засаг учраас газрын тосны үнийн өөрчлөлт манай улсын эдийн засагт их, бага хэмжээгээр мэдрэгдэнэ” гэв.

 

Газрын тосны үнийн өсөлтийг тогтворжуулах, саармагжуулах үнийн тогтвортой байдалтай холбоотой гэрээ, хэлцэл гол худалдан авагч талтай хийгээгүй байгаа тул зах зээлийн хуулийг дагахаар байна. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь импортоор хангаж байгаа. Жилд ойролцоогоор 1.2-1.3 тэрбум ам.долларын газрын бүтээгдэхүүний хэрэглэж байна. Валютын ханшийн өсөлт, газрын тосны үнийн өөрчлөлт дотоодын зах зээлийг доргиох хэмжээнд тулж иржээ. Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар 2849.55 төгрөгтэй тэнцэж байна.

 

 Төгрөгтэй харьцах валютын ханш ийнхүү чангарсаар байгаа нь импортын бараа, бүтээгдэхүүн, түүний дотор шатахууны үнэд хүртэл шууд нөлөө үзүүлж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, зах зээлийн өөрчлөлтөөс гадна төгрөгийн ханшийн уналт давхарт импортыг үнэтэй болгож байна. Үүнээс болж жил ирэх тусам гадаад худалдааны алдагдал тэлж буй.

 

Газрын тосны бүтээгдэхүүний 93 хувийг ОХУ, 4.6 хувийг БНСУ, хоёр хувийг БНХАУ, үлдсэнийг нь бусад улсаас манайх импортолж байна. Хэрэглээ жил тутам нэмэгдэж буй. Тээврийн хэрэгслийн оношилгоонд хамрагдсан нийт автомашины тоо сүүлийн таван жилд 53 хувиар өсжээ. Монгол Улсад дунджаар нэг автотээврийн хэрэгсэл нэмэгдэхэд шатахууны хэрэглээ 1.8 тонн буюу өдөрт 6 литр шатахууны хэрэглээ нэмэгдэхээр тооцоо гарчээ. Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын зохион байгуулсан “Газрын тосны үнийн өсөлт Монголд хэрхэн нөлөөлөх вэ” хэлэлцүүлэгт оролцсон таван эдийн засагч тутмын дөрөв нь өсөлт шууд болон шууд бусаар нөлөөлж эхэлнэ хэмээн хариулсан юм.

 

Эдийн засгийг сэргээх, ажлын байрыг хадгалах “10 их наяд”-ын хөтөлбөр валютын ханш чангарах, үүнээс болж шатахууны үнэ нэмэгдэх эрсдэл даллаж байгааг эдийн засагч Ч.Отгочулуу хэлсэн юм. Эдийн засагт их хэмжээгээр бэлэн мөнгө нийлүүлэх нь валютын ханшийн өсөлтийг гааруулах, худалдааны алдагдал нэмэгдэх, төгрөгийн ханш унах эрсдэлд тэр хэмжээгээр хүргэх сул талтайг анхааруулсан билээ.

 

Хэлэлцүүлэгт оролцсон шинжээч Г.Мөнх-Эрдэнэ “Газрын тосны үнэ өсөх төлөвт орсон. Том зургаар нь авч үзэхэд өсөлт энэ оны турш үргэлжилж болзошгүй байна. Валютын ханшийн дарамт ч нэмэгдсэн. Газрын тосны бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ цар тахал намжихтай зэрэгцээд өсөж байна. Он гарснаас тогтмол өссөн байна. Гадаад зах зээлийн нөлөө манай эдийн засагт нэг сарын хоцрогдолтой мэдрэгдэж эхэлдэг” гэлээ.

 

Газрын тос, ашигт малтмалын газраас “Олон улсын зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт шатахууны үнэ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн” хэмээн мэдэгдсэн юм. Манай улсын хувьд шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хилийн үнээс шууд хамаардаг. Дэлхийн зах зээлийн өөрчлөлтөөс үүдэн өргөн хэрэглээний шатахуун болох АИ-92 шатахууны үнэ манай улсад өөрчлөгдөх эрсдэл хамгийн их бүрджээ. ОХУ-аас манайд нийлүүлэх шатахууны 2021 оны нэгдүгээр сарын хилийн үнэ тонн тутамдаа 59 ам.доллараар нэмэгдэж ирсэн нь нэр төрөл бүр дээр үнэ өсөх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Шатахууны үнийн өсөлтийг төрөөс удаан хугацаанд тогтоон барих боломжгүй. Хэдий үнийн зохицуулалт хийж байгаа боловч үүнээс хүлээх алдагдал улам нэмэгдсээр.

 

Дэлхийн эдийн засаг бүхэлдээ сэргэж, энэ оны төлөв байдлыг ОУВС болон Дэлхийн банк ихээхэн өөдрөг зураглаж, төсөөлж байна. АНУ, БНХАУ болон Европын холбооны орнуудын эдийн засгаа сэргээх, цар тахалд зарцуулах далайцтай арга хэмжээний үр дүн, АНУ-ын  шинэ Ерөнхийлөгчтэй холбоотой эерэг хүлээлтүүд газрын тосны үнэ өсөхөд түлхэц болжээ. Шатахууны хилийн үнийн өсөлтөөс гадна монгол төгрөгийн худалдан авах чадвар буурч, ам.долларын ханшийн өсөлт эрсдэл дагуулсаар байгаа нь шатахууны үнэ өсөхөд нөлөөлж байгааг эдийн засагч Ч.Отгочулуу нэмж хэлсэн юм. Олон улсын хөрөнгө оруулалтын банк болох Голдман сакс энэ онд “Брент” төрлийн түүхий газрын тосны үнэ 65 ам.доллар/ баррель болно гэж таамаглаж байгаа юм. Эндээс харахад, шатахууны үнийн өсөлтөөс эдийн засагт буюу импортлогч оронд ирэх дарамт, алдагдал өндөр байна.

Shuud.mn
Сонин хачин