Европын зарим орнуудад АстраЗенека вакциныг ашиглахаа түр зогсоов

Италийн Эмнэлгийн хэрэгслийн асуудал эрхэлсэн газар АстраЗенека вакцины нэг хэсгийг ашиглахыг хориглож байгаагаа зарлажээ. Энэ нь вакцины тариулсны дараа зарим тохиолдолд ноцтой гаж нөлөө гарч байгаатай холбоотой гэнэ. Хэдийгээр вакцин болон гаж нөлөөнөөс үүдэлтэй хүндрэл нь хоорондоо шууд холбоотой гэдэг нь хараахан тогтоогдоогүй ч урьдчилан сэргийлэх үүднээс вакциныг ашиглахыг зогсоосон гэж Италийн холбогдох албаныхан мэдэгдсэнийг DW агентлаг дамжуулжээ.
АстраЗенека вакцинаас түр татгалзсан улс нь ганцхан Итали биш. Үүнээс өмнө Австри, Эстони, Дани улсуудад АстраЗенека вакцины нэг багц нийлүүлэлтийг ашиглахаа зогсоосон юм. Түүнчлэн Дани, Норвеги, Исланд улс хүн амдаа энэ вакциныг ашиглахыг түр хугацаагаар зогсоожээ.
Норвегийн Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн үндэсний газрын мэдээлснээр АстраЗенека вакциныг ашиглахаа зогсоосон нь вакцинаас үүдсэн байж болзошгүй гаж нөлөөтэй холбоотой гэнэ.
"Бид вакцин болон цус бүлэгнэсэн нэг тохиолдол хооронд уялдаа холбоо бий эсэхийг шалгахын тулд мэдээлэл хүлээж байна" гэж Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн үндэсний газар мэдээлжээ.
Ийнхүү хэд хэдэн улс ээлж дараалан АстраЗенека вакцинаас түр татгалзах болсон нь Австрид болсон тохиолдлуудтай холбоотой юм. Энэ улсад 49 настай сувилагч вакцин хийлгүүлснээсээ хойш 10 хоногийн дараа цус өтгөрөлтийн улмаас нас барсан бол өөр нэг сувилагч уушгины цусны бүлэгнэлийн улмаас эмнэлэгт хүргэгджээ.
Европын хэд хэдэн оронд гаж нөлөөний улмаас АстраЗенека вакциныг хэрэглэхээ зогсоосны дараа Европын эм бэлдмэлийн агентлаг мэдэгдэл гаргасан байна.
Энэ мэдэгдэлд вакцины гаж нөлөөнүүдийн жагсаалтад цусны бүлэгнэл гэж бичигдээгүй, цусны бүлэгнэл үүссэн нь вакцинтай шууд холбоотой гэх баримт байхгүй хэмээжээ.
Харин Британийн Эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн хяналтын газар АстраЗенека вакцин цусны бүлэгнэл үүсгэдэг талаарх ямар ч мэдээлэл аваагүй гэж мэдэгдсэн байна.
"Цусны бүлэгнэл гадны хүчин зүйлээс үл хамааран үүсэж болох бөгөөд ихээхэн өргөн дэлгэрсэн байдаг. 11 сая гаруй тун вакциныг Британи даяар хэдийнэ ашигласан" гэж Британийн Эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн хяналтын газар мэдэгдээд, хүн амдаа хандан хуваарийн дагуу вакцин тариулахыг уриалжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ