Сүүн тэжээлтнүүд COVID-19 тээгч болох эрсдэлтэйг Хятадын эрдэмтэд анхааруулжээ
2021-03-16

Хүн төрөлхтөн коронавирусийн цар тахалтай тулаад нэг жилийн нүүр үзэв. Асар богино хугацаанд олон орны эрдэмтэд энэ аюул өвчнөөс сэргийлэх вакцин гарган авч, өдгөө дэлхийн олон оронд урьдчилан сэргийлэх тарилга хийж эхэлсэн ч аюул биднээс холдоогүй л байна. Ийн хэлэхийн учир нь хүнээс гадна олон төрлийн амьтдад коронавирусийн халдвар тусч, улмаар эдгээр амьтад нь вирусийг тараагч болох боломжтой гэдгийг Хятадын эрдэмтэд анхааруулж байгаа юм. Чухам хичнээн төрлийн амьтад хүнд болон өөр хоорондоо аюултай гэдгийг үнэлж дүгнэх аргагүй, гэхдээ амьтад халдвар тархахад гүйцэтгэх үүргийг хайхралгүй орхиж болохгүй гэж эрдэмтэд сануулжээ. 

 

Олон төрлийн сүүн тэжээлтэн COVID-19 вирус тээгч болж болзошгүй гэж Хятадын Цинхуа их сургууль болон бусад судалгааны төвүүдийн эрдэмтэд сануулжээ. Тэдний судалгааны ажил PNAS дээр нийтлэгдсэн байна. 

 

Эрдэмтдийн өгүүлснээр, SARS-CoV-2 вирус нь зөвхөн хүнд төдийгүй бусад амьтдад ч байдаг АСЕ2 рецептороор дамжин эсүүдэд нэвтэрдэг аж. Үүнээс өмнө хийсэн судалгаагаар вирус булга, муур, нохой, хүн дүрст сармагчин болон бусад төрлийн амьтдад халддаг гэдэг нь тогтоогдсон. Гэхдээ чухам хичнээн төрлийн амьтад энэ вирусийн халдвар авах боломжтой гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. 

 

Дээрх судалгааг хийсэн эрдэмтэд 300 орчим нэр төрлийн шувуу, сүүн тэжээлтэн, загас болон бусад амьтдын организм дахь АСЕ 2-ын ажиллагааг судалжээ. Ялангуяа хүнтэй ойр байдаг гэрийн тэжээмэл амьтан, үхэр, түүнчлэн био анагаах ухааны судалгаанд ашиглагддаг амьтдад илүүтэй анхарал хандуулсан байна.

 

Судалгаагаар, 300 орчим нэр төрлийн амьтдаас 44 нь коронавирусийн халдвар авах эрсдэлтэй гэдэг нь тогтоогджээ. Тэдгээрийн дунд үхэр зусаг, хулсны баавгай, кашалот (shuud.mn: халимын төрөл), ирвэс болон бусад төрлийн амьтад, тэр дундаа хүнтэй ойр байдаг амьтад багтсан байна.

 

"SARS-CoV-2 нь гэрийн тэжээмэл амьтад, гаршуулсан амьтан, мал сүрэг, амьтны хүрээлэн болон аквариумд байдаг амьтад зэрэг олон төрлийн сүүн тэжээлтэнд халдварлах боломжтой гэдгийг бид тогтоосон. Эдгээр амьтад коронавирусийг дамжуулах эрсдэлтэй" гэж Хятадын эрдэмтдийн судалгаанд онцолжээ.

 

Эрдэмтдийн анхааруулснаар, амьтад хүнээс халдвар авч,  хүмүүст эсвэл бусад амьтдад халдвар тараах эрсдэлтэй гэнэ. Ингэснээр коронавирусийн халдварыг хүмүүс дунд төдийгүй байгальд тараах эрсдлийг нэмэгдүүлж байгаа юм.

 

"Цаашлаад өвчлөлийг дахин дэгдээхгүйн тулд амьтдын хууль бус худалдааг хориглох, түүнчлэн хүнтэй ойр байдаг амьтдыг ажиглах нь нэн чухал гэдгийг бидний судалгаа харууллаа " гэж эрдэмтэд цохон тэмдэглэжээ.

 

Хэдийгээр сарьсан багваахайг SARS-CoV-2 вирусийн гол тараагч гэж үздэг ч вирусийн тээгч болох магадлалтай амьтад маш их гэдгийг эрдэмтэд онцолсон байна. Одоогоор чухам хичнээн төрлийн амьтан коронавирусийн тээгч болох нь тодорхойгүй аж.

 

Булга, гэрийн тэжээмэл амьтан

Амьтад коронавирусийн тээгч болж буй талаарх мэдээлэл олон улсад ихээхэн гарч байлаа. Тэр дундаа, 2020 оны 11 дүгээр сард Данийн амьтан үржүүлгийн газруудад булга мутацид орсон вирусийн халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд булганаас хүнд дамжих эрсдэлтэй гэж үзсэн юм.  Тиймээс Данийн эрх баригчдын шийдвэрээр 17 сая булгыг устгалд оруулж байлаа.

 

Энэ харгис шийдвэрийг гаргахаас аргагүй болсон ноцтой шалтгаан бий. Тодруулбал, Данийн мал эмнэлгийн  газрын мэдээлснээр, жил бүр тус улсын амьтан үржүүлгийн газруудаас олон мянга булга зугтдаг, түүнчлэн 2020 онд нийт булганы таван хувь нь коронавирусийн халдвар авсан байжээ. Халдвар авсан амьтад зугатан, зэрлэг байгальд гарснаар бусад амьтдад халдаж, улмаар вирус мутацид орох аюултай аж. Ийнхүү мутацид орсоор байвал халдвар нь хүнд нэн аюултай бөгөөд коронавирусээс сэргийлэх вакцин ч нэмэр болохгүй байх эрсдэлтэй гэж судлаачид үзжээ. 

 

Харин гэрийн муур, нохдод халдвар дамжих эрсдэл бага гэж Оросын эрдэмтэд үзэж байгаа юм. Тэдний өгүүлснээр гэрийн тэжээвэр муур, нохойноос хүнд вирус дамжсан гэх баталгаа өнөөг хүртэл байхгүй гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин