ДЭМБ АстраЗенека вакцины аюулгүй байдлыг хэлэлцэнэ
2021-03-16

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид гуравдугаар сарын 16-ны өдөр АстраЗенека вакцины аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхээр болсон талаар DW мэдээллээ. 

 

"ДЭМБ-ын вакцины аюулгүй байдал хариуцсан шинжээчдийн комисс мэдээллүүдийг судалж, Европын эм бэлдмэлийн агентлагтай нягт холбоотой ажиллаж байгаагийн дээр маргааш уулзалт зохион байгуулна" гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейсус даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. 

 

АстраЗенека вакцин тариулсны дараа цус бүлэгнэх шинж тэмдэг илэрч, хэд хэдэн хүн нас барсан тохиолдлын дараа Герман, Франц, Итали, Испани, Нидерланд, Ирланд, Болгар болон Хойд Европын зарим орон энэ вакциныг ашиглахаа түр зогсоосон юм. 

 

Үүний араас, даваа гарагт Словенийн засгийн газар мөн л урьдчилан сэргийлэх зорилгоор Британи-Шведийн хамтарсан АстраЗенека компанийн вакциныг ашиглахаа түр зогсоож байгаагаа мэдэгджээ. 

 

Европын орнууд АстраЗенека вакцинаас түр татгалзсаны дараа  Европын эм бэлдмэлийн хяналтын газрын мэдээлснээр гуравдугаар сарын 12-ны байдлаар АстраЗенека вакцин тариулсан гурван сая хүнд цусны бүлэгнэлийн 22 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь вакцин хэрэглэсэнтэй холбоогүй гэж холбогдох албаныхан мэдэгдсэн ч нас баралтын шалтгаануудыг үргэлжлүүлэн судлаж байгаа юм. 

 

Ийнхүү  АстраЗенека вакцины талаарх сөрөг мэдээллүүд гарсны дараа Британи-Шведийн хамтарсан АстраЗенека компани өөрийн үйлдвэрийн коронавирусээс сэргийлэх вакцин аюулгүй гэж мэдэгдсэн юм. Европын холбоонд 17 сая гаруй хүнд энэ вакциныг хийсний дараа эрүүл мэндийн байдлыг нь судлахад уушгины судасны бөглөрөл, цусны бүлэгнэл үүсэх эрсдэл байхгүй гэсэн дүн гарсан талаар үйлдвэрлэгч компани онцолж байв. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин