АНУ: Хойд Солонгос дахин пуужин туршихаар бэлдэж байна
2021-03-17

БНАСАУ Жо Байденыг Ерөнхийлөгчийн албан тушаалд очсоноос хойш анх удаа пуужин туршихаар бэлтгэж байгаа гэж АНУ-ын тагнуулынхан үзэж байгаа гэнэ. Энэ талаар АНУ-ын захиргааны эх сурвалжтайгаар CNN мэдээлжээ.

 

CNN агентлагт мэдээлэл өгсөн нэгэн эх сурвалжийн өгүүлснээр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар Япон, БНСУ руу хийх айлчлалын дараах дүнгээр Хойд Солонгос пуужин турших эсэх эцсийн шийдвэрээ гаргах байх гэж АНУ таамаглаж байгаа гэнэ. Энэ удаад БНАСАУ пуужин эсвэл пуужингийн хөдөлгүүр турших байх гэж Америкийн тагнуулууд таамаглаж байгаа аж.

 

Мөн БНАСАУ пуужин хөөргөж болзошгүйтэй холбоотойгоор энэ тохиолдолд хэрхэн хариу үзүүлэх талаар Америкийн холбогдох байгууллагууд зөвлөлдөж байгаа талаар CNN мэдээлжээ. БНАСАУ хамгийн сүүлд 2020 оны гуравдугаар сард пуужингийн туршилт хийж байсан юм.

 

Энд дуулгахад, Байдены захиргаа БНАСАУ-тай харилцах тал дээр өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг эргэн харж байгаа бөгөөд ойрын үед үр дүнгээ мэдэгдэхээр төлөвлөж байгаа талаарх мэдээлэл гарч байлаа. Эх сурвалжуудын мэдээлснээр, Байден "БНАСАУ-ыг бүрэн цөмийн зэвсэггүй болгох"-ын тулд Трампаас огт өөр аргаар хөдлөхөөр зэхэж байгаа гэнэ. 

БНАСАУ Өмнөд Солонгосыг сүрдүүлэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин