АНУ-д COVID-19-ийн дархлаатай хүүхэд мэндэлжээ

img

Америкийн Флорида мужийн Бока-Ратоны хүүхдийн эмч нар болох Пол Гиберт, Чед Рудник нар коронавирусээс сэргийлдэг эсрэг биет цусанд нь агуулагдах хүүхэд мэндэлсэн нь тэдний мэдэж байгаагаар анхны тохиолдол хэмээн мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ. 

 

Доктор Гилбертийн өгүүлснээр, эрүүл мэндийн салбарын ажилтан нэгэн эмэгтэй нэгдүгээр сард жирэмсэн байхдаа төрөхөөс гурван долоо хоногийн өмнө Модерна вакцин тариулсан байна. Улмаар энэ тохиолдол дээр тулгуурлан эсрэг биет эхээс хүүхдэд дамжиж болох эсэхийг эмч нар тодруулахаар шийдсэн гэнэ.

 

Ингээд хүүхэд төрсний дараа хүйн цуснаас шинжилгээ авахад эхээс хүүхдэд эсрэг биет дамжсан нь тогтоогджээ. Түүнчлэн эдгээр эсрэг биет нь гагцхүү вакцины ачаар үүссэн гэдгийг тогтоосон байна. Учир нь эх төрөхөөсөө өмнө коронавирусийн шинжилгээ өгөхөд сөрөг хариу гарсан бөгөөд өөрөөр хэлбэл коронавирустэй бие организм тэмцэх явцад байгалийн жамаар цусанд дархлаа үүссэн байх боломжгүй аж.

 

Энэ нээлт нь нярайг коронавирусээс хамгаалахын тулд жирэмсэн эмэгтэйг вакцинд хамруулах давуу талыг цаашид дэлгэрүүлэн судлах нэг шалтгаан гэж эмч нар өгүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ