Мексикт хуурамч "Спутник V" вакцин илрүүлэн, хураажээ
2021-03-20

Мексикийн гаалийн ажилтнууд хувийн онгоцны бүхээгнээс Оросын "Спутник V" вакциныг хуурамчаар үйлдвэрлэсэн бэлдмэлүүдийг илрүүлжээ. Хуурамч вакциныг ундаа зөөвөрлөж байсан мөстэй хайрцагт нуусан байсныг илрүүлсэн талаар "Россия 1" суваг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хоёр хөргөгчинд 6000 орчим тун бэлдмэл байжээ. Вакциныг гадна талаас нь харахад л хуурамч гэдэг нь мэдэгдэх бөгөөд алдаатай бичигтэй, таглаа, шошго зэрэг нь жинхэнэ вакцинаас огт өөр байсан гэнэ. 

 

Энэ үйл явдлын дараа Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан Мексикийн эрх баригчдад хуурамч вакцин илрүүлэн саатуулсанд нь талархал илэрхийлжээ. 

 

"Спутник V" вакцин бүр маш хатуу хяналтан дор үйлдвэрлэгддэг. Вакцины ампул бүр гарал үүслийг шалгах боломжтой QR кодтой. "Спутник V" вакцины тээвэрлэлтийг температурын алсын зайн хяналт зэрэг аюулгүй байдлын өндөр стандартуудыг мөрддөг тусгай зөвшөөрөлтэй тээвэрлэгчид л хийдэг" хэмээн Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдэгджээ. 

 

"Спутник V" вакциныг дэлхийн 52 оронд албан ёсоор зөвшөөрсөн бөгөөд дээр дурьдсан хуурамч вакцинуудыг албан ёсоор энэ вакциныг хүлээж авдаггүй Гондурас руу зөөвөрлөж байсан гэж эх сурвалж мэдээлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Орос вакцин ч гэсэн хуурамч вакцинтай юм байна. Оросын залуу үе вакцинд итгэхгүй байгаа гэсэн нь үүнтэй бас холбоотой байгаа юм байна. Бүх төрлийн вакцинд итгэх итгэл алга.
2021-03-20