COVID-19 ба УРГАМЛЫН ХАРШИЛ: Харшилтай хүмүүс халдварт өртөх эрсдэлтэй
2021-03-22

Хаврын улиралд харшлын аюул төдийгүй коронавирусийн халдвар авах эрсдэл нэмэгддэг гэж Мюнхений эрдэмтэд баталж байна. Үүний шалтган ба ургамал цэцэглэх үеэр хэрхэн өөрийгөө хамгаалах талаарх зөвлөгөөг Германы DW болон  агентлагаас авсан эх сурвалжтайгаар хүргэе.

 

Хамар битүүрч, хоолой эрвэгнэн, нүд хавдах зэрэг нь ургамал цэцэглэх үеэр гарах харшлын шинж тэмдгүүд. Орчин цагт харшилтай хүмүүс асар олон. Харшилтай хүмүүсийн дийлэнх нь хотын оршин суугчид байдаг гэх судалгаа ч байдаг. Гэтэл тэдний хувьд энэ харшил нь цорын ганц асуудал биш бололтой. Хавар харшил нь хөдлөхөс гадна коронавирусийн халдвар авах өндөр эрсдэлтэй гэдгийг Мюнхений техникийн их сургуулийн эрдэмэтэд тогтоожээ. Гэхдээ ганцхан тоосонцорын харшилтай хүмүүс төдийгүй бусад хүмүүс ч чухамхүү хавар COVID-19-өөр өвчлөх эрсдэл өндөр байдаг гэнэ.

 

Коронавирусийн халдвар нэмэгдэхэд тоосонцор хэрхэн нөлөөлдөг вэ?

 

Германы Мюнхений Техникийн их сургуулийн эрдэмтэд, Гельмгольцын нэрэмжит Эрүүл мэнд, байгаль орчны судалгааны төвийн мэргэжилтнүүдийн удирдлаган дор олон улсын эрдэмтдийн баг 2020 оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд судалгаа хийжээ.

 

Тэд 31 орны аэропалинологийн хяналтын 130 станцаас авсан мэдээллүүдийг судалж, тэдгээрийг цаг агаарын нөхцөл байдал болон 2020 оны гурав, дөрөвдүгээр саруудад гарсан коронавирусийн халдварын тохиолдлын тоон мэдээлэлтэй харьцуулжээ. Чухамхүү энэ үед Европ болон Хойд Америкийг коронавирусийн цар тахлын эхний давалгаа бүрхэж байсан юм. Судалгаанд коронавирусийн халдвартай тэмцэж буй арга хэмжээнүүдийг ч харгалзан үзсэн байна.

 

"Тоосонцор их байх тусам үр дагавар нь их" хэмээн судалгааны бүлгийн гишүүн, Мюнхений Техникийн их сургуулийн профессор Клаудиа Трайдль-Хоффман өгүүлжээ. Түүний өгүүлснээр, хатуу хөл хорио тавиагүй үед нэг куб метр агаар дахь 100 хэсэгт ноогдох тоосонцрын агуулагдах хэмжээ нэмэгдвэл халдварын тоо дунджаар дөрвөн хувиар нэмэгддэг гэнэ.

 

Зохих температур, агаарын чийгшилтэй зэрэг тодорхой нөхцлүүдэд халдвар 44 хувиар ч нэмэгдэж байсан тогтоогдсон байна. Харин хатуу хөл хорионы үед хаврын улиралд агаар дахь тоосонцрын хэмжээ их байсан ч халдварын тохиолдол хоёр дахин бага байсан аж. 

 

Тоосонцрууд дархлаанд хэрхэн нөлөөлдөг вэ? 


Тоосонцрууд хүний салст бүрхэвч рүү орох үед интерферон боловсруулагдан, дархлааны системийг идэвхжүүлж, дархлаа вирустэй тэмцэхээр ажиллаж эхэлдэг байна. Харин вирус болон тоосонцрууд зэрэг салст бүрхэвч рүү орвол хамгаалах механизм удааширч, бие организм бага интерферон ялгаруулдаг аж. Ийм нөхцөлд вирус үржихэд хялбар байдаг гэнэ. 

 

Хүн SARS-CoV-2 вирусээс өөрийгөө хамгаалахад бие организмд нь ханиаднаас хамгаалахад шаардлагатай байдаг интерферонууд шаардагддаг аж. Тиймээс энэ интерферонууд бага ялгарснаар халдвар авах эрсдэл өндөр гэж мэргэжилтнүүд анхааруулжээ. 

 

Германы профессор Трайдль-Хоффманы өгүүлснээр, харшилтай хүмүүсийн организм вирус үүсэхэд интерфероны хариу үйлдлийг тун сул үзүүлдэг гэнэ. Гэхдээ Германд төдийгүй дэлхий даяар харшилтай хүмүүсийг коронавируст халдварын эрсдлийн бүлэгт багтаагаагүй байгаа юм. 

 

Олон орны эрдэмтдийн таамагласнаар 2020 онд цар тахал дэгдэж эхэлсэн нь ургамал цэцэглэх улирлын эхлэлтэй давхацсан, агаар дахь тоосонцрын өндөр агууламж болон халдварын тоо өсч байсан нь ердөө давхцал байсан байж болзошгүй гэнэ. Түүнчлэн харшилтай хүмүүс болон бусад хүмүүс агаар дахь тоосонцроос болж коронавирус тусна гэж айх хэрэггүй хэмээн сануулжээ. Дээр дурьдсан судалгааны зохиогчдын онцолсноор, тоосонцрууд нь коронавирусийн хадвар нэмэгдэхэд нөлөөлөх олон хүчин зүйлийн ердөө нэг нь гэнэ. 

 

Амны хаалт тоосонцроос хамгаалах уу?


Профессор Трайдль-Хоффман эрсдлийн бүлэгт багтах хүмүүст ургамал цэцэглэх үеэр нэн болгоомжтой байж, агаарт тоосонцор ихтэй үед амны хаалт зүүхийг зөвлөжээ.

 

Оросын эрдэмтэд ч мөн амны хаалт зүүх гэсэн зөвлөгөөг байнга өгч байгаа бөгөөд энэ нь ургамлын тоосонцор дэгдэх үеэр хамгаалах хамгийн энгийн хэрнээ хамгийн үр дүнтэй арга хэмээн онцолсон байна. Түүнчлэн ургамал цэцэглэх үеэр дархлаагаа сайжруулж, хувийн эрүүл ахуйн дэглэмийг сахиж, харшил хөдлөх үеэр эмчийн бичиж өгсөн эмийг тогтмол уухыг зөвлөжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин