Японд эхээс нярайд COVID-19 дамжсан анхны тохиолдол бүртгэгджээ
2021-03-22

Эхээс нярайд коронавирус дамжсан байж болзошгүй анхны тохиолдол Японд  бүртгэгдсэн талаар  NHK телевиз мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нярайг төрсний дараахан полимеразын гинжин урвал буюу PCR шинжилгээний аргаар коронавирусийн халдвар илрүүлсэн ч нярайн эрүүл мэнд хэвийн байгаа гэдгийг Японы хүүхдийн эмнэлгүүдийн холбоо онцолсон байна.

 

Японд хийсэн судалгаагаар өнгөрсөн оны наймдугаар сард 31 эмнэлэгт коронавирусийн халдвартай 52 эх амаржсанаас ердөө нэг нь л нярайд халдвар дамжсан гэнэ. Вирус эхээс хүүхдэд дамжсан тохиолдлууд бусад орнуудад ч гарсан, гэхдээ ийм тохиолдол харьцангуй цөөн тул үүнд санаа зовних хэрэггүй гэж Японы мэргэжилтнүүд онцолжээ.

 

Гагцхүү ийм тохиолдол гарах боломжтой гэдгийг анхааралдаа аван, жирэмсэн эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх хангалттай арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн Японы эрдэмтэд өгүүлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин