Трамп олон нийтийн сүлжээ үүсгэн байгуулна
2021-03-23

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп тун удахгүй өөрийн гэсэн олон нийтийн сүлжээ бий болгох гэнэ. Энэ талаар тэрбээр The Truth with Lisa Boothe подкастад мэдэгдсэнийг Известия дамжуулжээ. 

 

"Өөрийн гэсэн сүлжээтэй болохтой холбоотой зарим зүйл хийж байгаа, та бүхэн энэ талаар тун удахгүй олж сонсох байх" хэмээн Трамп мэдэгдсэн байна. 

 

Трамп хоёр, гурван сарын дараа өөрийн гэсэн олон нийтийн сүлжээтэй болохоор төлөвлөж байгаа талаар саяхан түүний зөвлөх Жейсон Миллер мэдээлж байсан юм. Америкийн Ерөнхийлөгч асан өөрийг нь дагадаг олон сая хэрэглэгчийг тэр  татаж чадах тул шинэ олон нийтийн сүлжээ маш алдартай болно гэж Миллер онцолж байв. Мөн Трампад санал тавьсан олон компанийн төлөөлөлтэй уулзсан гэж Трампын зөвлөх мэдээлж байлаа.

 

Энд дуулгахад, Трампын Твиттер дэх хаягийг нэгдүгээр сарын эхээр нэг мөр хаасан юм. Олон нийтийн сүлжээний захиргааны мэдээлснээр нэгдүгээр сарын зургааны өдөр Трампыг дэмжигчид Капитоли руу дайрсны дараа хүчирхийлэлд уриалах эрсдэл өндөр байсны улмаас ийм шийдвэр гаргасан аж. Түүгээр ч зогсохгүй Трамп ашиглах ямар ч хаягийг идэвхгүй болгоно гэж Твиттерийн удирдлагууд мэдэгдсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин