БНХАУ-ыг уйгуруудын эрхийг зөрчсөнийх нь төлөө ЕХ хориг тавина
2021-03-23

Европын холбооны зөвлөл Гадаад хэргийн сайд нарын түвшинд Хятадыг хүний эрхийг зөрчдөг хэмээн буруутгаж хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр, сүүлийн 30 гаруй жилд анх удаа хориг арга хэмжээний багцыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. 

 

Үүнээс өмнө, 1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбай дээрх эсэргүүцлийг Хятадын эрх баригчид хүчээр дарсны дараа БНХАУ руу зэвсэг нийлүүлэх хоригийг Европын холбоо тавьж байжээ.

 

Шинэ хориг арга хэмжээний жагсаалтад дөрвөн хувь хүн, нэг хуулийн этгээд багтсан байна. Тэдний Европын холбоон дахь хөрөнгийг царцааж, тэднийг Европын холбоо руу нэвтрэхийг хориглох аж. Ийм алхам хийх болсон нь уйгуруудыг болон Шинжаан Уйгурын өөртөө засах орон дахь бусад угсаатан болон шашны цөөнхүүдийг үй олноор устгаж байгаатай холбоотой гэж Европын холбоо мэдэгджээ.

 

Европын холбооны нэрийн өмнөөс энэ шийдвэрийг Словакийн Гадаад болон Европын хэргийн сайд Иван Корчок тайлбарласан байна. "Энэ бол бид байр сууриасаа ухрахгүй гэдгийг харуулах тун чухал алхам" хэмээн тэрбээр мэдэгджээ. 

 

Харин үүний хариуд Хятадын Гадаадын хэргийн яам ЕХ-ны эсрэг хариу арга хэмжээг "хатуу гараар" гүйцэтгэнэ хэмээн мэдэгдсэн байна. 

Шинжаан дахь нөхцөл байдал

Хятадын баруун хойд хэсэгт байх Шинжаан-Уйгурын бүс нутаг нь ихэвчлэн мусульман-суннитууд суурьшсан газар юм. Тэд түрэг хэлний бүлэгт багтах уйгур хэлээр ярьдаг аж. Энэ бүс нутгийн олон сая уйгур хүнийг лагерьт хууль бусаар байлган,хэл, шашнаасаа татгалзахыг шаарддаг гэх мэдээлэл олж авсан гэж 2018 онд НҮБ-ын хүний эрхийн комиссар мэдэгдэж байлаа.

Өнгөрсөн оны намар Америкийн төрийн бус судалгааны байгууллага болох Жеймстауны сан Хятад дахь уйгур, төвдүүдийн талаар илтгэл гаргаж байв. Энэ илтгэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллүүд, улс төрийн баримт бичгүүд болон хиймэл дагуулаар авсан зурагнууд дээр үндэслэгджээ. 

 

Илтгэлд, Шинжаанд Хятадын эрх баригчид олон мянган мусульман шашинт уйгур хүнийг баривчлан, тэднийг мөн л сургалтын гэгдэх төвүүд рүү аваачиж байсан хэмээн онцолсон юм. "Шинжаанд ч тэр, Төвдөд ч тэр Засгийн газраас зарласан ядууралтай хийх тэмцэл нь дээд түвшнээс хамгийн доод буюу гэр бүл хүртэлх нэгж рүү төрийн хяналт тогтоох гэсэн зорилготой" гэж судлаачид онцолж байлаа. 

 

Шинжаанд хүний эрх, эрх чөлөөг зөрчдөг гэсэн баримт байнга сөхөгдөж, барууны орнуудын зүгээс БНХАУ-ыг ихээхэн шүүмжилдэг ч БНХАУ-ын эрх баригчид тухай бүр няцааж, хорих лагер биш "дахин хүмүүжүүлэх төвүүд" байгуулсан, энд уйгуруудыг сайн ажил олж хийх дадал, мэдлэгт сургадаг хэмээн мэдэгддэг юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Пууууууухахаха энэ яг хориг мөн үү
2022-05-05
Пууууууухахаха энэ яг хориг мөн үү
2022-05-05