Лавров: ОХУ, БНХАУ үндэсний валютуудаараа тооцоо хийх хэрэгтэй
2021-03-23

Гуравдугаар сарын 22-ны өдөр Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын Хятадад хийх албан ёсны айлчлал эхэлжээ.

 

Хоёр талын харилцааны түүхэн дэх хамгийн сайн үеийг хоёр орон туулж байна гэж Лавров Хятадын хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. 2022 оны хоёрдугаар сард Орос, БНХАУ-ын хоорондын найрсаг хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ хүчин төгөлдөр болсны 20 жилийн ой тохиох бөгөөд энэ гэрээ таван жилийн хугацаатайгаар шууд сунгагдана гэж Лавров цохон тэмдэглэжээ.

 

Лавров Хятадын хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа эдийн засгийн сэдвийг ч мөн хөндсөн байна. Түүний үзэж байгаагаар Орос болон Хятад улс Барууны хяналтад байдаг олон улсын төлбөрийн системээс татгалзах шаардлагатай гэнэ.  Үндэсний валютуудаар болон доллартай адилтгах дэлхийн валютаар тооцоо хийх системд шилжиж эхлэх шаардлагатай гэж Оросын Гадаад хэргийн сайд цохон тэмдэглэжээ. 

 

ОХУ болон БНХАУ-ын эсрэг АНУ хориг тавьж байгаа энэ үед бие даасан байдлаа бэхжүүлэх нэн шаардлагатай гэж Сергей Лавров мэдэгдсэн байна. Мөн ойрын үед Хятадтай харилцах жуулчны урсгалын хэмжээг сэргээх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлээр цар тахлын нөхцөл байдал тогтворжихтой зэрэгцэн хоёр орон хилээ нээхэд хамтын хүчин чармайлт гаргана гэж Лавров мэдэгджээ. Түүнчлэн аялагчдад нэмэлт саад тотгор үүсгэхгүйн тулд вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэх зарчмыг мөрдөх шаардлагатайг Оросын Гадаад хэргийн сайд онцолсон байна. 

 

Энд дуулгахад, Сергей Лавровын Хятад дахь айлчлал эхэлсний дараа түүнийг FCKNG QRNTN (shuud.mn: англи хэлээр Fucking quarantine буюу "новшийн хөл хорио" гэх утгатай) гэсэн бичиг бүхий амны хаалттай байгаа зураг хэвлэлүүдээр тархсан байна. Энэ зургийг Гуйлинд авсан бөгөөд сэтгүүлчид ийм амны хаалт Лавровт бэлэглэжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин