"Спутник V" вакциныг ирэх зунаас Германд үйлдвэрлэнэ
2021-03-25

Оросын "Р-Фарм" компани ирэх зургаа эсвэл долдугаар сараас Баварын Иллертиссен хотод "Спутник V" вакциныг үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар тус компанийн захирал Александр Быков DW агентлагт мэдээлжээ. Быковын өгүүлснээр, энэ зун вакцин үйлдвэрлэж эхлэхийн тулд "Р-Фарм" компани бүхий л хүчин чармайлтаа гаргаж байгаа гэнэ. 

 

Германы зүүн өмнөд хэсэгт орших Иллертисен хотод "Р-Фарм" компани шаардлагатай тоног төхөөрөмж, боловсон хүчин бүхий үйлдвэртэй бөгөөд энд сар бүр нэг сая тун вакцин үйлдвэрлэнэ гэж Александр Быков өгүүлжээ.

 

Түүний онцолсноор, Европын эм бэлдмэлийн агентлаг "Спутник V" вакциныг Европын холбоонд бүртгэхийг зөвшөөрвөл үйлдвэрлэлийг эхлэх боломжтой гэнэ. Улмаар Иллертисенд үйлдвэрлэсэн Оросын вакциныг Европын холбооны бусад орнууд руу нийлүүлэх боломжтой болох аж.

 

Өмнө нь Орос дахь Европын холбооны төлөөлөгчийн газрын зөвлөх Жером Лепентр мэдэгдэл хийхдээ "Спутник V" вакцинтай холбоотой шийдвэрийг зургаа, долдугаар сард гаргаж магадгүй талаар онцолж байсан юм. Европын эм бэлдмэлийн агентлагийн мэргэжилтнүүд дөрөвдүгээр сард Орост ажиллан, вакцины үйлдвэрлэлийн явц, хадгалалт зэрэгт хяналт шалгалт хийх аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин