Шинжааны түүхий эдээс татгалзсан дэлхийн брэндүүдийг Хятад шахаанд орууллаа
2021-03-26

 

H&M, Nike компани "Хөвөн үйлдвэрлэхдээ уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлсэн байж болзошгүй" хэмээн үзэж, Шинжаанаас хөвөн авахаас татгалзжээ. Энэ шийдвэрийн дараа хятадууд тус брэндүүдийг шахаанд оруулж эхэлсэн байна

 

ВВС агентлагийн мэдээлснээр, томоохон онлайн дэлгүүрүүдээс H&M, Nike брэндүүдийн бүх бүтээгдэхүүнийг хассан бол хятадууд өөрсдөө "Би Шинжааны хөвөнг дэмжиж байна" гэсэн хэштегтэй пост олон нийтийн сүлжээгээр оруулан, дээрх олон улсын брэндүүдийг эсэргүүцэхийг уриалж байгаа гэнэ. Энэ эсэргүүцэлд олны танил зарим хүмүүс нэгдэн, компаниудтай байгуулсан гэрээгээ ч цуцалжээ.

 

Асар том зах зээл, үй олон хэрэглэгчээ алдах аюул бусад дэлхийн брэндүүдтэй ч нүүр тулсан байна. Тодруулбал  Converse брэнд болон Tommy Hilfiger, Calvin Klein харьяалагддаг хувцас үйлдвэрлэлийн Phillips-Van Heusen фирмийг ч хятадууд эсэргүүцэж эхэлжээ. Хятадын Гадаад хэргийн яам, Худалдааны яамны мэдээлснээр эдгээр компаниуд Шинжаанд хүмүүсийг хомроглон хөнөөдөг, албадан хөдөлмөр эрхлүүлдэг тул энэ бүс нутгаас ирсэн хөвөнг ашиглахгүй гэж мэдэгджээ.

 

ийнхүү Хятадын Шинжаанд хүний эрхийг зөрчиж байгаа тул тэндэхийн түүхий эдийг ашиглахаас татгалзсан брэндүүдэд  Burberry, Nike, New Balance,  Adidas зэрэг Better Cotton Initiative-ийн гишүүд багтаж байгаа юм. Энэ нь олон улсын төрийн бус байгууллага бөгөөд дэлхийн хамгийн том, хөвөнгийн экологийн боловсруулалтын хөтөлбөр юм. 

 

Ийнхүү дэлхийн брэндүүд Шинжааны хөвөнг авахаас татгалзсаны хариуд хятадууд эсэргүүцэж эхэлсэн бол тухайн брэндүүдийн нүүр царай болж байсан Хятадын алдартнууд ч энэ эсэргүүцэлд нэгджээ. Тухайлбал, Хонконгийн дуучин Исон Чан, уйгур жүжигчин Дильраба Дильмурат нар Адидас фирмтэй цаашид хамтран ажиллахгүй гэж мэдэгдсэн байна. Харин Хятадын нэрт жүжигчид болох Ван Ибо, Тан Тан Сунъюнь нар Nike брэндтэй хамтран ажиллахаа зогсоосон бол Чжан Исин, Оуян Нана ,  Бай Жинтин нарын алдартнууд  Converse брэндтэй хийсэн гэрээгээ цуцлажээ.

 

Олон улсын брэндүүд Шинжаанаас түүхий эд авахгүй гэж мэдэгдсэнийхээ төлөө ийнхүү эсэргүүцлийн давалгаатай нүүр тулсан бол Хятадын Anta брэнд Better Cotton Initiative хөтөлбөрөөс гарч, Шинжааны түүхий эдийг ашигласан хэвээр байна гэж мэдэгдсэн нь цагаа олсон, "эх оронч" мэдэгдэл байлаа. Ийм мэдэгдлийн ачаар энэ компанийн хувьцаа Хонконгийн бирж дээр 10 хувиар өсчээ.

 

МЭДЭГДЭЛ БА ХОРИГ

 

 

H&M болон Nike брэндүүд "уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлж байж болзошгүйн улмаас " Шинжааны хөвөнгөөс татгалзах албан ёсны мэдэгдэл 2020 онд гарч байв. Харин барууны орнууд Хятадын албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ тавьснаар хятадууд ийнхүү дээрх брэндүүдийг хариу шахаанд оруулах болсон байна. 

 

Шинжаан-Уйгурын үйлдвэрлэл-барилгын корпусын дөрвөн албан тушаалтныг "уйгуруудын эрхийг зөрчсөн"-д холбоотой гэж үзэн Европын холбоо гуравдугаар сарын 22-ны өдөр хориг арга хэмжээ авч, улмаар үүнийг АНУ болон Канад дэмжсэн юм. Уйгурууд болон бусад угсаатны цөөнхүүдийн эрхийг зөрчсөний улмаас Шинжаанаас хөвөн болон хөвөн эдлэл импортлохыг АНУ энэ оны нэгдүгээр сард  хориглож байв. 

 

НҮБ-ын тайлан болон сэтгүүлчдийн мэдээлснээр,  Шинжаанд угсаатны болон шашны цөөнхүүдийг "дахин хүмүүжүүлэх лагерь"-ийн сүлжээ байдаг гэнэ. Хятад улс "мэргэжлийн сургалтын төв" гэж нэрлэдэг энэ газраар 7.7 сая уйгур, угсаатны цөөнхүүд дамжжээ. 

 

Энэ лагериуд Хятадын хямд ажиллах хүчний нийлүүлэгч болдог талаар олон улсын байгууллагууд мэдээлдэг. Гуравдугаар сард Австралийн Стратегийн бодлогын хүрээлэнгийн гаргасан илтгэлд Хятадын эрх баригчид "дахин хүмүүжүүлэх лагерийг "төгсөгчдийг" бусад муж дахь үйлдвэрүүд рүү илгээдэг" хэмээн онцолсон байжээ. 2017-2019 оны хооронд Шинжаанаас 80 мянга орчим уйгур хүнийг Хятадын 27 үйлдвэр рүү албадан хөдөлмөр эрхлүүлэхээр 10 муж руу шилжүүлсэн гэнэ.

 

Хэдийгээр олон улсын байгууллагууд Хятадын эрх баригчид угсаатны болон шашны цөөнхүүдийг хавчиж, тэдниг уусгах бодлого баримтлан хүний эрхийг ноцтой зөрчдөг гэж буруутгадаг ч БНХАУ үүнийг байнга няцаадаг юм.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
эрдэнэбат:
том байх ч гоё юмаа... гэтэл манайхан ккк комэнт л бичиж чадна.
2021-03-30
ЗОЧИН:
Дэлхий даяараа нэгдэн нийлж хятад хархнуудыг сөнөөе,
2021-03-27
АНУ бусдад яаж амьдархыг зааснаас өөрсдийнхөө асуудалд анхаарал хандуулсан нь дээр!!!!
2021-03-26
Зочин:
Хүний хэрэгт хошуу дүрэгсэд!!!. Өөрсдөө хүний эрхийг зөрчдөг байж бусдаас бурууг хайж хошуу дүрдэг!!!.
2021-03-26