Израилийн хүн амын тал хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагджээ
2021-03-26

Дэлхий дахиныг бүрхсэн коронавирусийн цар тахлыг даван туулахын тулд улс орнууд энэ халдвараас сэргийлэх дархлаажуулалтын ажлыг зохион байгуулсаар багагүй хугацаа өнгөрлөө. Зарим оронд вакцины хүрэлцээ, иргэдийн үл итгэх хандлага зэрэг олон шалтгааны улмаас вакцинжуулалтын ажил саатаж байгаа бол Израиль улс дархлаажуулалтад хамруулсан хүнийхээ тоогоор тэргүүлж байгаа талаар Германы DW агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Израильд нийт хүн амынх нь талаас илүү хувь буюу 50.07 хувь нь коронавирусээс сэргийлэх вакцины хоёр тунг хоёуланг нь хийлгэсэн байна. Израилийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 16-аас дээш насны , вакцинжуулалтад оролцох эрхтэй оршин суугчдын 72.5 хувь нь вакцинд хамрагдсан байна.

 

Тус улсын нийт хүн амын 56 хувь буюу насанд хүрсэн хүн амын 69 хувь нь вакцины эхний тунг тариулжээ. Израилд Бионтек/Пфайзер вакциныг ашиглан вакцинжуулалт хийж байгаа бөгөөд дархлаажуулалтын ажил өнгөрсөн оны 12 дугаар сард эхэлсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин