ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томилж, Ш.Цогтоог чөлөөлөв
2021-03-26

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнийг томилж, чөлөөлөх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага аваад байгаа билээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

 

-ҮХЦ-ийн гишүүнийг томилж, чөлөөлөх асуудлаар завсарлага авсан. ЕТГ-ын зүгээс энэ асуудлаар УДШ-ээс тодруулга авахаар хандсан байна гэдгийг онцоллоо. УИХ-ын гишүүн н.Ганибал: 

 

-УИХ дахь АН-ын бүлэг ҮХЦ-ийн гишүүнийг томилж, чөлөөлөх асуудлаар тав хоногийн завсарлага хүссэн. Гэвч УИХ-ын дарга нэг хоногийн завсарлага өгсөн. Ерөнхийлөгчийн сонгуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн талаарх иргэний гомдлын маргаанд шийдвэр гаргаагүй, бага суудлын хуралдаан үргэлжилж байгаа талаар ҮХЦ хариулт өгсөн. ҮХЦ-ийн шийдвэрт УИХ нөлөөлж болохгүй. Гэтэл ҮХЦ-ийн бага суудлын хуралдааны бүрэлдэхүүнд орсон н.Цогтыг чөлөөлж байгаа нь хууль бус үйлдэл. Эрх баригч МАН хуулийг уландаа гишгиж, асуудыг улстөржүүлж байгааг эрс эсэргүүцэж байна хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг танилцуулав.  УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-УИХ-ын гишүүд хууль дээдэлж ажиллана шүү. Хугацаа нь дуусахаар ҮХЦ-ийн гишүүн чөлөөлдөг. ҮХЦ-ийн гишүүн н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй. ҮХЦ дээр очиж тайлбар авч байгаа нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн асуудал гэлээ.

 

Ингээд ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томилох саналаар санал хураалт явуулав. Санал хураалтад оролцсон гишүүдийн 78.8 хувийн саналаар Ж.Эрдэнэбулганыг ҮХЦ-ийн гишүүнээр томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Ш.Цогтоог чөлөөлөв. 

 

ҮХЦ-ийн гишүүн Ж.Эрдэнэбулган  нь 1970 онд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн. 51 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1988 онд Дундговь аймгийн I арван жилийн сургууль, 1994 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, 1995 онд хууль зүйн ухааны магистр, 2012 онд хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан. Ж.Эрдэнэбулган нь 1988-1989 онд Дундговь аймгийн шүүхэд зарлага, нарийн бичгийн даргаар, 1995-2015 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор, 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын албаны эрхлэгч, 2012-2014 онд мөн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, 2012-2015 онд мөн сургуулийн Ёс зүйн зөвлөх, 2013 оноос Монголын хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Хуульчдын мэргэжлийн шалгалт хариуцсан хорооны дарга, гишүүн, 2015-2018 онд Нотариатчдын мэргэжлийн хорооны гишүүн, 2016 оноос МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, 2015 оноос одоог хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн даргаар ажиллаж байжээ.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Нэргүй:
Уул нь улсын дээд шүүхийн шүүгчийн бүх шалгаруулалтыг давсан хүншдээ!? ҮХЦ-д харинч тулхай мэдлэгтэй мундаг хүн томилогдождээ!? Амжилт хүсье!?
2021-03-26
Зочин:
Уул нь улсын дээд шүүхийн шүүгчийн бүх шалгаруулалтыг давсан хүншдээ!? ҮХЦ-д харинч тулхай мэдлэгтэй мундаг хүн томилогдождээ!? Амжилт хүсье!?
2021-03-26
Иргэн:
Уул нь улсын дээд шүүхийн шүүгчийн бүх шалгаруулалтыг давсан хүншдээ!? ҮХЦ-д харинч тулхай мэдлэгтэй мундаг хүн томилогдождээ!? Амжилт хүсье!?
2021-03-26