Суэцийн сувгийн түгжрэл: Өдөр бүр 10 тэрбум долларын зардал гарч байна
2021-03-27

Сувгаар нэвтрэхээр хүлээж буй усан онгоцнуудын түгжрэлийг сансраас авсан зураг

Гуравдугаар сарын 23-ны өдөр Суэцийн сувагт хайргадаж, сувгийг бөглөсөн асар том чингэлэг тээвэрлэгчийг татан гаргах ээлжит оролдлого бүтэлгүйтжээ. 

 

Чингэлэг тээвэрлэгч хайргадаж, сувгийг хааснаас үүдэн сувгаар нэвтрэх гэж хүлээж буй хөлөг онгоцнуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ингэснээр дэлхий даяар ачаа хүргэх хуваарьт ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар шинжээчид ВВС агентлагт ярьжээ.

 

Баасан гарагт Египетийн Ерөнхийлөгчийн зөвлөх мэдэгдэл хийхдээ Суэцийн сувагт үүссэн нөхцөл байдлыг 2-3 хоногт багтаан шийдвэрлэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн. Гэвч шинжээчдийн өгүүлснээр чингэлэг тээвэрлэгчийн ачааг бүрэн буулгахгүйгээр хөлөг онгоцыг татаж холдуулж чадахгүй бол сувгийг чөлөөлөх ажилд долоо хоногийн хугацаа шаардлагатай байж мэднэ хэмээн үзэж байгаа аж.

 

Дэлхийн худалдааны алдагдал


Суэцийн суваг бол дэлхийн хамгийн эрэлттэй худалдааны замуудын нэг юм. Үүгээр дэлхийн нийт бараа эргэлтийн 12 хувь орчим нь дамжин өнгөрдөг аж.

 

Leth Agencies компанийн мэдээлснээр, баасан гарагт сувгаар нэвтрэхээ хүлээн 237 усан онгоц зогсож байгаагаас 107 нь Суэц боомт дээр, 41 нь сувгийн голд, харин 89 нь Газрын дундад тэнгисийн Порт-Саидад зогсож байгаа гэнэ. 

 

Хөлөг онгоцнууд сул зогссон цаг бүрт асар их хохирол учирж байдаг.  Lloyd's List компанийн мэдээлснээр суваг хаагдсанаас үүдэн өдөр бүр 9.6 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн саатаж байгаа аж.

 

Суэцийн сувагт үүссэн нөхцөл байдал дэлхий даяарх тээвэр зуучийн хэлхээнд ноцтой нөлөөлж болзошгүй гэж Олон улсын хөлөг онгоцны тээврийн танхим мэдэгдсэн бөгөөд эндээс үүдэх урьдчилан тааварлах боломжгүй зардлууд эцсийн дүндээ хэрэглэгчдэд дарамт болно гэж анхааруулжээ.

 

"Тээврийн компаниуд Африкийн хамгийн өмнөд цэгээр тойруулан усан онгоцоо явуулахаар чиглэлийг нь өөрчилж байгаа талаарх мэдээллийг бид авсан. Ингэснээр 5600 км хэмжээний замаар тойрч, төлөвлөсөн хугацаанаас 12 хоногоор илүү хугацааг замдаа өнгөрүүлэх болж байгаа юм" хэмээн Олон улсын хөлөг онгоцны тээврийн танхим мэдэгджээ. Энэ танхимынхны үзэж байгаагаар суваг хаагдсанаас үүдэлтэй сул зогсолт өдөр бүр 10 тэрбум долларын зардал эдийн засагт учруулж байгаа аж. 

 

Чингэлэг тээвэрлэгчийг хэрхэн татаж гаргах вэ?

"Эвер Гивен" чингэлэг тээвэрлэгчийг татаж гаргах гэсэн ээлжит оролдлого баасан гарагт бүтэлгүйэж, одоо аврах ажиллагааг элс шавар зайлуулах ажилд төвлөрүүлсэн гэж "Эвер Гивен"-ийн техникийн ажилтнууд мэдэгджээ. 

 

"Эвер Гивен" чингэлэг тээвэрлэгчийн урт нь 400 метр бөгөөд энэ асар том хөлөг онгоцыг татаж гаргах ажилд их хэмжээний элс зайлуулах шаардлагатай болсон гэнэ. Суэцийн сувгийн удирдах газарт цагт 2000 куб метр элс зайлуулах хүчин чадалтай багаж бий, түүнийг ашиглахаар төлөвлөсөн гэж чингэлэг тээвэрлэгчийн техникийн ажилтнууд мэдээлжээ. Хэдийгээр элс зайлуулж, гүн нүх ухан, үр дүнтэй ажилласан ч "Эвер Гивен"-ийг хөдөлгөхийн тулд дахин долоо хоног шаардлагатай гэж шинжээчид үзэж байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин