Нетаньяху: Израиль цар тахлыг давлаа
2021-03-29

Манайхныг "дотооддоо халдвар аваагүй цор ганц улс" гэдэг үгээ хурал бүр дээр тоть шиг давтаж, халдвар дэгдээд "балраад" эхлэнгүүтээ "халдварыг бид 10 сар тогтоон барилаа" гэж хэнхдэг дэлдэн, одоо "бүх хүн амаа вакцинжуулсан анхны улс" болно гэж амлах зуур өөр улс орнууд амлахаасаа өмнө хэдийнэ ажлаа амжуулж, ам бардам мэдэгдэл хийж суух. Цар тахлыг ялах уралдаанд манайх ногт ганзаглаад  гарсан ч "анхдугаар байр" хэдийнэ эзэндээ оччихож. Ямартай ч өөрсдөө л тэгэж зарласан. Тэр улс бол Израиль. Тэнд үнэхээр цар тахлыг давчихсан уу? 

 

Израиль маягийн гайхамшиг 

" Израиль улс коронавирусийн цар тахлыг давсан анхны улс боллоо" гэж Изриалийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху энэ сарын эхээр мэдэгдсэн юм. Хэдийгээр энэ улсад өдөри бүр мянга орчим халдвар бүртгэгдэж байгаа ч Ерөнхий сайдын үг үнэнээс төдийлөн хол биш. Израиль вакцинжуулалтын хурдаараа дэлхийд тэргүүлж буй орнуудын нэг байгаагийн дээр саяхан хүн амынхаа тал гаруй хувийг вакцинд хамруулсан гэсэн мэдээлэл гарсан юм. Түүнчлэн "вакцинжуулалтын паспорт" олгож буй анхны орон болов 

 

Жилийн өмнө Израиль улс Улаан өндөгний баярыг хатуу хөл хорионы нөхцөлд тэмдэглэж байлаа. Орон даяар хөл хорих цаг үйлчилж, сүм хийдэд мөргөл үйлдэхийг хориглон, хот дотроо ч дүүрэг хооронд зорчих боломжгүй байв. Хөл хориог зөрчвөл асар өндөр торгууль төлнө. Энэ нь гурван удаагийн хатуу хөл хорионы эхнийх нь байлаа. Израилийн энэ стратеги ч үр дүнгээ өгчээ. 

 

Ингээд энэ жилийн Улаан өндөгний баяраар хатуу хөл хорион хэрэггүй гэж шийдсэн бөгөөд гэхдээ 20-иос дээш хүн нэг сууцанд, харин гадаа 50-аас дээш хүн цуглахгүй байхыг хүссэн байна. Ирэх сарын дундуур тохиох Тусгаар тогтнолын өдрөөр ч хөл хорио тавихгүйгээр шийджээ. Гэхдээ олон нийтийн арга хэмжээнд оролцох хүмүүс "ногоон паспорт"-аа үзүүлээд орж болно. "Ногоон паспорт" гэдэг нь вакцины хоёр тунг тариулсан эсвэл коронавирусээр өвчлөөд эдгэрснийг гэрчлэх баримт бичиг юм.

 

Энэ улс Их Британи, АНУ, Канад, Оросын араас  12 дугаар сарын 20-ны өдөр вакцинжуулалт эхлүүлж, дэлхийн улс орнуудаас вакцинжуулалт эхлүүлсэн тав дахь орон болсон. Гэсэн ч маш хурдтайгаар эдгээр орнуудыг гүйцэн, Их Британи, Орос, Канадад хоёр тунгаа тариулсан хүний тоо 2е4 хувь, АНУ-д 14 хувь байхад Израилд энэ үзүүлэлт 52 хувьтай байгаа юм. Ингэснээр сүргийн дархлаа тогтооход шаардлагатай 70 хувьдаа хүрэхэд тун  ойрхон болж байна. Израиль хэрхэн ийм амжилтад хүрэв?

 

Беньямин Нетаньяху улс төрийн оноо авах гэж, улсаа "вакцинжуулалтын улс" болгон хувиргаж, коронавирустэй үр дүнтэй тэмцэж байгаагаа харуулвал авлигын хэргээр засгаас буусныхаа дараа шүүгдэж мэдэх шүүх хурлаас мултарч дөнгөнө гэж тооцоолсон хэмээн олон улсын шинжээчид үзэж байгаа юм.

 

Ямартай ч түүний энэ хүчин чармайлт үр дүнгээ өгчээ. Тэрбээр израильчуудад вакцинд итгэх итгэл төрүүлэхийн тулд өөрөө вакцин тариулж, энэ үйл явдлыг орон даяар шууд дамжуулсан юм. 

 

Тусгай санал 

Дээр дурдсан "ногоон паспорт"-ын ачаар хүмүүсийг вакцин тариулах сэдлийг өдөөж, вакцинжуулалтыг хурдтай явуулна гэж Израилийн эрх баригчид тооцоолжээ. Тус улсад ээлжит хөл хориог сулласны дараа гагцхүү вакцинд бүрэн хамрагдсан хүмүүс цар тахлын дараах амьдралын олон давуу талыг мэдрэх боломжтой юм.

 

Хамгийн чухал нь, дэлхийн бусад орнууд вакцинаа хүлээн дугаарлаж суух зуур энэ улс хүн амаа бүрэн  вакцинжуулах хэмжээний тунг авч чадсан явдал. Израилийн эрх баригчид Pfizer/BioNTech үйлдвэрлэгчтэй яриа хэлэлцээ хийхдээ туйлын уйгагүй байсан гэх. Блүмберг агентлагт өгсөн ярилцлагадаа вакцин үйлдвэрлэгч компанийн ерөнхий захирал Альбер Бурлу Израилийн Ерөнхий сайд Нетаньяху түүн рүү вакцины нийлүүлэлтийн нарийн ширийн, төрөл бүрийн насныханд хэрхэн нөлөөлөх талаар мэдэх гэж удаа дараа утасдсан гэнэ. Тэр бүү хэл шөнийн цагаар ч залган шалгааж байжээ. 

 

Ингээд энэ уйгагүй хэлэлцээний дүнд Израиль улс онцгой нөхцлөөр вакцин худалдан авах гэрээ байгуулжээ. Тус улс Европын холбоо болон АНУ-тай харьцуулахад Пфайзер вакцинд өндөр үнэ төлснөөр тасралтгүй, шуурхай байдлаар вакцинаа хүлээн авах боломжтой болсон бөгөөд харин вакцинжуулалтын үр дүнгийн талаар Pfizer/BioNTech компанид тогтмол мэдээлэх үүрэг хүлээсэн байна. 

 

Түүнчлэн, цар тахлын үед вакцин улс төрийн хэрэгсэл болж байгаа үйл явцад Израиль ч дутсангүй. Илүүдэл вакцинаа Гондурас, Гватемала, Чех, Унгартай хуваалцсан юм. Гэсэн ч Газын зурвас, Иорданы баруун эрэгт амьдрах палестинчуудыг вакцинаар хангах ДЭМБ-ын уриалгыг үл тоомсорлож байлаа. Эдгээр бүс нутагт амьдрах палестинчуудад Израиль анхаарал тавих үүрэгтэй гэж ДЭМБ сануулсан ч 1993 оны энхийн хэлэлцээрээр ямар ч үүрэг хүлээгээгүй гэж Израиль хариу өгсөн юм. Ингэж хэсэг "гүрийсний" дараа тэргүүн шугаманд ажиллаж буй Палестины эмч нарт хэдэн мянган тун вакцин өгөхийг зөвшөөрчээ. 

 

Шинэ амьдралд хөл тавих үнэмлэх 

Энэ сарын эхээр Израиль улс хөл хориогоо сулруулж байгаагаа зарласан ч энэ нь хүн бүрт хамааралгүй. Израильд кафе, зоогийн газар дахин ажиллаж эхэлсэн бөгөөд ийшээ зөвхөн "ногоон паспорт"-ын эзэдл л орох боломжтой. Энэ нөхцлийг зөрчвөл 3000 хүртэлх ам.долларын торгуультай гэнэ. 

 

Түүнчлэн спорт танхим, үзэсгэлэн, их дээд сургууль, усан сан, кино театр, аялал жуулчлалын газруудаар зөвхөн вакцинд бүрэн хамрагдсан хүмүүс л явах эрхтэй. Вакцин тариулсан хүн хилийн чанадаас ирэхдээ эсвэл халдвартай хүнтэй харьцсаны дараа өөрийгөө тусгаарлах шаардлагагүй. Гэхдээ энд вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран бүгд олон нийтийн газарт амны хаалт зүүх ёстой. 

 

Вакцины паспортыг тухайн хүн хоёр тун вакцин хийлгэсэн гэж заасан вакцинжуулалтын гэрчилгээ олгогдсоноос хойш авах боломжтой гэнэ. Энэ паспортыг хоёр дахин тун хийлгэснээс долоо хоногийн дараа өгөх бөгөөд үүнийг авахын тулд Эрүүл мэндийн яамны сайтаар орж анкет бөглөн, "ногоон паспорт" татаж авах тусгай линк хүлээх ёстой аж. Ингээд энэ баримт бичгийг татаж аваад хэвлэн, эсвэл шаардлагтай бол зургийг нь үзүүлээд явахад болох гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хуц:
Израйль улс "Файзер" вакцин авах гээд хамгийн түрүүнд | тагнуулчид нь их мундаг улс| захиалга өгч байхад Хүрэлсүх Хүрэлбаатар хоёр Вакцины тухай бодоочгүй сонсоочгүй явж байлаа. Ингээд Вакцин гарахад хэдхэн хоног үлдэж байхад асар олон улс нэгэнт захиалгаа өгсөн байлаа, харин Хүрэлсүх Хүрэлбаатар хоёр анх вакцины тухай сонсоод сууж байлаа.... Цааш нь оылгомжтой, нэг ширхэг вакцин авч чадахгүй Аятад Энэтхэг хоёроос гуйж гувшина
2021-03-31
Зочин:
Баяр хүргэе. Нэг улс орон ч гэсэн коронавирусийн халдварыг ялсан бол сайн байна. Өшөө олон орон коронавирусыг ялаасай.
2021-03-29