Беларусь: Ажил хаявал ажлаас хална
2021-03-29

Хөдөлмөрийн маргаантай холбоогүй ажил хаялтад уриалсан ажилтнуудын гэрээг цуцлах талаар тусгасан хөдөлмөрийн хуулийн өөрчлөлтийг ойрын үед Беларусьт батлахаар зэхэж байгаа талаар тус улсын Аюулгүй байдлын зөвлөлийн төрийн нарийн бичгийн дарга орлогч Александр Рахманов мэдэгджээ.

 

"Тогтвортой байдлыг алдагдуулах үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогч цуцлах нэмэлт үндэслэлийг бид авч үзэн, соанал болгож байгаа юм" хэмээн тэрбээр "Беларусь-1" телевизд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.

 

Түүний өгүүлснээр, өнөөдөр "хууль бус ажил хаялтын сэдэв" ихээхэн дэлгэрсэн гэнэ."2020 оны хоёрдугаар хагаст өрнөсөн үйл явдлууд хөдөлмөрийн маргаантай огт холбоогүй, улс төржсөн байсан" хэмээн Рахманов  үзэж байгаа аж.

 

 

 

Эргэн сануулахад, Беларусьт Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэлтэй  эсэргүүцэл өнөө хэр намжихгүй байгаа юм. Өнгөрсөн оны наймдугаар сарын есний өдөр болсон Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийг тус улсын сөрөг хүчин болон түүний дэмжигчид эсэргүүцэж, өнөөг хүртэл эсэргүүцлийн ажиллагаа, төрөл бүрийн ажил хаялт зохион байгуулсаар байна. Эсэргүүцэх болсон шалтгаан нь энэ улсыг 26 жил удирдсан Александр Лукашенко сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, харин сөрөг хүчнээс нэр дэвшигч Светлана Тихановская 10 орчим хувийн санал авсан. Сонгуулийн дүнг урьдчилан зарласнаас хойш сөрөг хүчнийхэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, улмаар хууль сахиулагчид  жагсагчдыг хүч хэрэглэн тараах гэсний улмаас хэдэнтээ мөргөлдөөн гарч байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин