Хатуу хөл хорионоос сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ сахья
2021-03-29

 

Өчигдөр 321 хүний шинжилгээнд халдвар илэрсэн. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 7014 боллоо. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд нийт 5868, орон нутагт нийт 610 тохиолдол тус тус бүртгэгдээд байгаа.

 

УОК-ын хуралдаанаар нийслэлийн хэмжээнд халдварын тархалтын Улбар шар түвшинд шилжсэн хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан. Мөн халдвар бүртгэгдсэн Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Төв, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Увс аймгуудыг халдварын тархалтын Улаан түвшинд  2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас  2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00  цаг хүртэлх хугацаанд шилжүүлсэн. Дээрх шийдвэрийн дагуу аймгууд орох, гарах хөдөлгөөнөө хязгаарласан. 

 

Коронавирусын халдварын тархалт нэмэгдэж, эрсдэл ихсэж буй учир Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 28-ны 06:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаанд бүрэн хориглосон. Ингэхдээ зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай, эрүүл мэнд, буяны ажилтай иргэд, зайлшгүй шаардлагатай хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхайн ачаа тээвэр тээвэрлэгчдийг тухайн зорьж буй аймгийн Онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээний хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийг  хатуу мөрдүүлэн нэвтрүүлнэ. Мөн иргэд болон ачаа тээвэрлэгчдийн зорилго, ачаа тээвэр, автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолооны үнэмлэхний хуулбар байна. Буяны ажилтай иргэд мөн тухайн нас барсан хүний лавлагаа, төрөл садныг батлах баримт бичигтэй байна.

 

Зайлшгүй шалтгаанаар зорчиж байгаа тэдгээр иргэдийг тухайн орон нутгийн Онцгой комиссын шийдвэрээр 5-7 хоног заавал тусгаарлана. Орон нутаг руу чиглэсэн бусад хөдөлгөөнийг бүрэн хориглоно. Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэд иргэний үнэмлэхний хаягаар товчоодоор нэвтэрнэ.

 

Мөн хотын даргын хувьд аль болох хөл хорио тогтоохгүй байх байр суурь баримталж байгаагаа, мөн энэ саналаа УОК-т удаа дараа илэрхийлсэн гэдгээ бизнес эрхлэгчдэд уламжилсан юм. Гэсэн хэдий ч цар тахлын нөхцөл байдал хүндэрч, халдвар авах хүний тоо, эрсдэл улам бүр өссөөр байгаа. Тиймээс улбар шар түвшнээс улаан түвшинд шилжиж, хөл хорио тогтоохгүйн тулд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, хамтдаа хичээж, хариуцлагатай байхыг аж ахуйн нэгжүүдэд уриалсан юм.

 

Халдварын тархалт нэмэгдсээр байвал л дөрөвдүгээр сарын 05-наас хатуу хөл хорио тогтоохоос өөр аргагүй. Хэрэв 14 хоногийн хугацаатай  хатуу хөл хорио тогтоовол иргэдийн аж амьдрал, эдийн засаг улам ч хүндэрнэ. Тиймээс иргэн бүр хариуцлагатай байж, хүн хоорондын зайгаа баримталж, амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж,  вакцинжуулалтандаа хамрагдахыг хүсье. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин