Уран гулгалтын ДАШТ: Медалийн тоогоор тэргүүлсэн Орос тамирчид эх орондоо ирлээ
2021-03-29

 

Шведийн Стокгольм хотноо болж өндөрлөсөн Уран гулгалтын ДАШТ-ээс хамгийн олон медаль хүртсэн Оросын шигшээ баг эх орондоо иржээ. 

 

Нисэх онгоцны буудал дээр тэднийг хэвлэл мэдээллийнхэн төдийгүй олон зуун шүтэн бишрэгч нь угтан авсан байна. 

 

Уран гулгалтын ДАШТ -ээс Оросын тамирчид гурван алт, мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн юм. Эмэгтэйчүүдийн төрөлд Анна Щербакова, хосын төрөлд Анастасия Мишина болон Александр Галлямов, мөн мөсөн дээрх бүжгийн төрөлд Виктория Синицина болон Никита Кацалапов нар дэлхийн аварга болжээ.

 

Дэлхийн аварга болсон Анна Щербакова эх орондоо газардсаны дараа бусдаасаа их бэлэг авчээ. Учир нь түүнд давхар баяр тохиож байгаа аж. Шүтэн бишрэгчид нь түүнд аварга болсонд нь баяр хүргэхийн зэрэгцээ төрсөн өдрийн мэнд хүргэж, түүнд бэлэг бэлдэцгээсэн байна. 

 


 

Стокгольм хотноо өндөрлөсөн Уран гулгалтын ДАШТ-ын эмэгтэйчүүдийн төрөлд эхний гурван байрыг Оросын тамирчид хүртсэн нь тус улсын түүхэн дэх анхны тохиолдол болсон юм. Мөн энэ тэмцээний шагналын сан 868 мянган доллар байсан бөгөөд үүнээс Оросын тамирчид болох  Анна Щербакова 64 мянган ам.доллар, хоёрдугаар байр эзэлсэн  Елизавета Туктамышева 47 мянган ам.доллар, харин гуравдугаар байрны эзэн Александра Трусова 33 мянган доллар хүртэх аж. 

Оросын тамирчид медалийнхаа тоогоор ДАШТ-ийг тэргүүлсэн юм. Тэд гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна. АНУ-ын шигшээ баг нэг алт, нэг мөнгө хүртсэн бол Японы ганцаарчилсан үзүүлбэр үзүүлсэн тамирчин хүрэл медаль, харин Хятадын хос үзүүлбэрийн тамирчид мөнгөн медаль, Канадын бүжигчид хүрэл медаль хүртжээ.

Оросын шигшээ баг хамгийн сүүлд 1999 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зургаан медаль хүртэж байсан юм.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин