Д.Анхцэцэг: “Цалин буусан ээж” зурагт миний ижий бий
2021-03-31 08:20

Цахим орчинд “Цалин буусан ээж” тайлбартай уран зураг олон хүний анхаарлыг татлаа. Магадгүй хэн нэгэнд ухаарал, өөр нэгэнд ижийгээ санах мэдрэмжийг эрхгүй төрүүлээд амжсан болов уу. Энэхүү зургийг урласан “Булцгар” брэндийн артист, чөлөөт уран бүтээлч Д.Анхцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

 

 

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

 

-Намайг Анхцэцэг гэдэг. Би 24 настай. Соёл Урлагийн Их сургуулийн дизайн урлагийн сургуулийг 2018 онд төгссөн.

 

-“Цалин буусан ээж” зураг тантай ярилцах шалтгаан боллоо. Энэ зургийн сэдэв хэрхэн төрөв? Хэр хугацаанд зурж дуусгасан бэ?

 

-Энэ бүтээлийг ээжээсээ л сэдэвлэсэн гэж хэлж болно. Ээжийн минь үйлдэл бүр нь хайр мэдрүүлж байдаг. Ээж минь гаднаа хатуу чанга юм шиг хэрнээ үргэлж хайраар зөөлөн биднийг өсгөсөн. Миний гэлтгүй хүн бүрийн ээж л үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулдаг шүү дээ. Ихэвчлэн ажлын дараа оройн цагаар зурж байлаа. Нийтдээ 4-5 сарын хугацаанд зурж дуусгасан. 

 

-Энгийн хэр нь гүн гүнзгий утга агуулгатай зураг шиг санагдсан. Зурж байхдаа юу мэдэрч байсан бол?

 

-Цалингаа аваад гэртээ тор дүүрэн хүнстэй, амттантай хүрч ирдэг ээжийгээ л нүдэндээ төсөөлж зурсан. Мөн эх хүний хайраас гадна эгэл бор амьдралын хэсгийг шигтгэхийг хичээсэн. Яагаад ч юм бусад зургаас илүүтэй энэ бүтээлд өөрөө дурлаж, жаргаж зурсан шүү. Тийм болохоор ч тэр үү өөрийн минь сэтгэлд их хүрсэн, үнэ цэнтэй уран бүтээл.

 

-Таны зургийг Анар гэх залуу худалдан авчээ. Та энэ зургийг нэг л хувь зурсан уу?

 

-Ганцхан хувь зураг маань эзэнтэй болсон. Ер нь аливаа уран зураг ганц хувь байх нь илүү үнэ цэнтэй оршдог. Тэгээд ч тухайн үеийн тэр мэдрэмж, тэр тусгалыг дахин олохгүй.

 

 

-Таныг шинэ залуу уран бүтээлч гэж сонссон. Ямар урсгал, чиглэлээр түлхүү уран бүтээл туурвиж байна вэ?

 

-Би СУИС-ийн ДУС-ийн чимэглэх урлагийн ангийг дүүргэсэн. Би энэ мэргэжлээр суралцсандаа их олзуурхдаг юм. Одоо мэргэжлээрээ буюу чимэглэх уран зургийн төрлөөр зурдаг. Сүүлийн үед хэд хэдэн бүтээл дээр ажиллаж байгаа. Удахгүй бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар зорин төлөвлөж байна.

 

-Зураачид өвөрмөц сэтгэлгээ, сэтгэл мэдрэмжтэй хүмүүс шиг санагддаг. Та ямар үед хамгийн таатай, тансаг мэдрэмжээр дүүрдэг вэ?

 

-Би нэг зүйлд бүрэн төвлөрч суугаад аяга хар кофе уух дуртай. Энэ үед л хамгийн намуухан, тав тухтай, амгалан мэдрэмжээр дүүрдэг дээ. Магадгүй уран бүтээлчийн онгод гэж байдаг бол энэ үед л хөглөгддөг болов уу.

 

-Ярилцлагын төгсгөлд таны хүсэл мөрөөдлийн талаар асуумаар байна.

 

-Өөрийн сэтгэлд хүрсэн олон сайхан бүтээл туурвиж хүмүүст сайхан сэтгэгдэл, олон өнгийн мэдрэмжүүдийг бэлэглэхийг хүсч байна. Мөн бие даасан үзэсгэлэнгээ гаргаад цаашид хүүхдийн номын бүтээлд хувь нэмрээ оруулахыг зорьж байгаа.

 

/Уран бүтээлчийн инстаграм хаяг: AANKAAAS/

 

Д.Анхцэцэгийн бүтээл

 

Д.Анхцэцэгийн бүтээл

 

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Найзынхаа охинд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.Аз жаргалаар бялхаж улам сайхан бүтээл урлаарай...
2021-03-31