Сайжруулсан түлшний нийлүүлэлт хэвийн ч эрэлт ихтэй байна
2021-04-01

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2021 оны дөрөвдүгээр сарын 01 хүртэл  сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулж 940 төгрөгөөр худалдаалах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл өнөөдрөөс нэг шуудай сайжруулсан шахмал түлш үндсэн үнээрээ буюу 3750 төгрөгөөр худалдаалагдана.

 

Гэтэл үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны Хөтөлийн шахмал түлш борлуулах цэгийн гадна урт дараалал үүсгэжээ. Иргэд сайжруулсан шахмал түлшийг хямдралтай үнээр нь худалдан авах хүсэлтэй байгаа ч түлш дууссан. Хэзээ хүргэлтээр ирэх нь тодорхойгүй. "Тавантолгой түлш" компани түлшээ үндсэн үнээр борлуулахаар дарсан байхыг үгүйсгэхгүй гэж мэдээллээ. 

 

Иргэн Г.Отгон: 

 

-Цар тахлаас үүдэн эдийн засаг маш их хямар ч байна. Дахиад хөл хорио тогтоовол амьдрал бүр ч хэцүү болно. Өдрийнхөө хоолны мөнгийг арай гэж зохицуулж байгаа энэ  үед сайжруулсан түлшийг үндсэн үнээр нь худалдаж авна гэвэл бүр ч хэцүү болох байх. Долоон хоногт зургаан шуудайг авах нормтой байдаг. Үүнийгээ авч чадахгүй байна. Өвлийн хүйтэнд хүрэлцдэггүй байсан. Одоо дулаарч байгаа болохоор гайгүй байна. Маргаашаас үндсэн үнээр нь худалдах учраас хямдралтай үнээр зарагдаж байгаа энэ үед нь авах гэсэн боловч олдохгүй байна. Магадгүй "Тавантолгой түлш" компани үндсэн үнээр нь борлуулах гээд нөөцөлж байгаа байх гэж хардаж байна. 

 

Бид энэ талаар “Тавантолгой түлш” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан мэргэжилтэн Г.Даваабаатартай холбогдож тодрууллаа. 

 

“Тавантолгой түлш” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан мэргэжилтэн Г.Даваабаатар: 

 

-“Засгийн газрын тогтоолооор 2021 оны дөрөвдүгээр сарын 01-нээс үндсэн үнээр нь худалдаалж эхэлнэ. Улаанбаатар хотын хэмжээнд 800 орчим борлуулалтын цэг нээсэн ч өнөөдрийн байдлаар  680 борлуулалтын цэг ажиллаж байна. Өвлийн эд ачааллын үетэй адилхан хэмжээнд нийлүүлэлт хийж байгаа. Өдөр бүр борлуулалтын цэгт хүргэлт очиж байна. Манай компаниас хүргэлт тасалдуулсан зүйл байхгүй. Харин цэг бүрд хүргэх цагийн хувьд зөрүү байгаа" гэлээ. 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин