З.Энхболд Ерөнхийлөгч Х.Баттулгыг хорложээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль хоёрхон сарын дараа болно. Тиймээс улс төрийн хүчнүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших кандидатуудаа ирэх тавдугаар сарын эхээр тодруулсан байх учиртай. Гэвч АН-ынхан хоёр хуваагдаж, энэ удаагийн сонгуулиас өмнө эмх цэгцэндээ орж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Цагтаа хүчтэй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байсан тус нам ийнхүү хөл, толгойгоо олохгүй бужигналдаж байх зуур “Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй, эрхгүй” гэх маргаан Төрийн ордон, Үндсэн хуулийн Цэц хооронд үргэлжилсэн хэвээр.
“УИХ-ын 2020 оны сонгуульд АН-ыг ялагдуулсан” хэмээн буруутгагдаж буй Х.Баттулга Үндсэн хуулийн “нуман тулгуур”-т орсондоо сандарч, Цэцийн гишүүдтэй нэг бус удаа уулзсан нь олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэлд өртсөн.
Өмнөх сонгуульд өөрт нь итгэл хүлээлгэж нэр дэвшүүлсэн АН-аа хагаралдуулж сонгуульд ялагдуулсан, Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа шинэ хонгилын схемийг “зурсан”, Монгол Улсын гадаад харилцааны бодлогод дэвшилттэй алхам хийгээгүй гэхмэтчилэн Х.Баттулгатай холбоотой мэдээллүүд хэвлэлээр хөврөх зуур “Ерөнхийлөгч Х.Баттулгыг ерөнхийлөн хорлосон хүн яг хэн юм бэ” гэдэг асуултын хариу ч тодорхой боллоо. Тэр хүн бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд.
Учир нь Төрийн тэргүүнийг хэдэн удаа хэрхэн сонгох талаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд “2025 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлнэ” гэснийг “2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөнө” гэж баталсан. Ингэж батлахад З.Энхболдын үүрэг оролцоо их байсан талаар улстөрчид ярьцгаадаг.
АН-ын лидерүүдийн нэг Э.Бат-Үүл “З.Энхболд Ерөнхийлөгчийг хулхидсан бололтой” гэж нийтлэл хүртэл бичиж байв. “Ордны тайган”-ы хорлол Х.Баттулгыг найз ч үгүй, нам ч үгүй, одоо бүр Ерөнхийлөгчийн суудал ч үгүй болгох нь ээ” гэдгийг АН-ынхан өөр зуураа шивнэлдэж байна. З.Энхболд ийнхүү Х.Баттулгыг барайлгаж байх үед АН-ын шинэ дарга нь М.Тулгат боллоо. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “УИХ-ын сонгуулиар миний нэр дэвших гэж байсан тойргийг З.Энхболд хүчээр булааж авсан. АН-ын дотоод сонгуулийн цахим санал хураалтыг хамгийн их эсэргүүцсэн хүмүүсийн нэг нь З.Энхболд” гэж дурджээ.
Түүгээр ч зогсохгүй “АН Х.Баттулгыг шууд нэр дэвшүүлэхгүй. Тэр хүн бусадтайгаа нэгэн адил сунгаанд оролцох ёстой” хэмээжээ. Энэмэтчилэн нөхцөл байдлаас үзвэл, З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжгүй болгохыг Үндсэн хуульд тусгуулсан шигээ АН-аас нэр дэвших эрхэд нь ч том тээг болох бололтой. Өөрөөр хэлбэл, М.Тулгат тойргийг нь булаасан З.Энхболдод найр тавихгүй нь тодорхой. Тэдний энэ харилцаа Х.Баттулгад ч муугаар нөлөөлөх нь дамжиггүй биз.
Ж.Анар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ