Хөл хорио эсэргүүцэгчдийн эсрэг нулимс асгаруулагч хий ашиглажээ
2021-04-03

Бельгийн цагдаагийнхан Брюссель хотын Камбрын ой цэцэрлэгт хүрээлэнд тахлын эсрэг хязгаарлалтын арга хэмжээг зөрчсөн хүмүүсийг нулимс асгаруулагч хий, усан буу ашиглан тараасан талаар DW агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, иргэд коронавирусийн халдвартай тэмцэх зорилгоор авч хэрэгжүүлж буй хөл хориог эсэргүүцэн жагссан бөгөөд тэднийг тараахын тулд цагдаагийнхан чанга яригчаар жагсагчдыг тарахыг уриалсан байна. Гэвч энэ уриалгын хариуд эсэргүүцэгчид хууль сахиулагчид руу лонх, мөчир, пиротехник шиджээ. Улмаар эмх замбараагүй байдалд шилжсэн тул цагдаагийнхан нулимс асгаруулагч хий, усан буу ашиглаж жагсагчдыг тараасан байна. 

 

Баасан гарагт мөн энэ цэцрлэгт хүрээлэнд коронавирустэй тэмцэх хүрээнд авч хэрэгжүүлж буй хязгаарлалтыг эсэргүүцэгчид болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн болжээ. Тухайн үед олон мянган хүн цэцэрлэгт хүрээлэнд цуглан хөгжмийн баяр хийн, хязгаарлалтын арга хэмжээг зөрчсөн байна. Тэднийг тарахыг шаардахад мөн л цагдаагийнхан руу чулуу, лонх шидэж, эргүүлийн автомашинуудыг эвдэлжээ. Мөргөлдөөний улмаас хэд хэдэн цагдаагийн алба хаагч шархдаж, нэг цагдаа эмнэлэгт хүргэгдсэн байна. 

 

Энд дуулгахад, Бельгид коронавирусийн цар тахлын улмаас гадаа дөрвөөс дээш хүн цуглахыг хориглосон байгаа юм. Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдварын тохиолдол 888 мянга гаруй бүртгэгдэж, үүнээс 23 мянган өвчтөн нас барсан бол 57 мянга гаруй хүн эдгэрчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин