Япончууд шиг бай л даа
Эрх мэдэл, албан тушаал бүхий этгээд, түүний гэр бүлтэй тойрсон ёсзүйн зөрчлийн талаар олон өдөр л шуугив. Гагцхүү тэд ч биш, хэл ам таталсан үйлдлүүд эрх мэдэлтнүүд, алдартнуудын зүгээс байсхийгээд л гарна. Тэр тоолонд "уучлаарай" гэх үг амнаас нь төдийлөн унахгүй, үүний оронд эцсээ хүртэл гүрийж, ээлжит нэг "сенсаци"-аар өөрийнх нь хэрэг дарагдаж замхрахыг хүлээдэг. Уучлалт гуйх гэдэг аливаа боловсролтой, хүмүүжилтэй хэн бүрийн ёс суртахууны зайлшгүй нэгэн хэсэг. Тэр дундаа олны хараанд байдаг улс уучлалт гуйх зориг зүрхтэй байх нь тэднийг "гоё харагдуулна". Ийм гоё харагдах боломжоо алдчихдаг, эцсээ хүртэл гүрийдэг хүмүүс Их Наран улсын иргэд хэрхэн уучлалт гуйдаг талаар уншиж л байсан байх. Япончууд хэрхэн уучлалт гуйдаг вэ?
Японд хүмүүс нэг нэгнээсээ уучлалт гуйхыг хаа сайгүй харж болно. Зөрж өнгөрөхдөө, хэн нэгэнд санамсаргүй саад болох дөхсөн үедээ гэх мэт "баярлалаа, баяртай" гэдэг шиг "уучлаарай" гэх үгийг япончууд өдөрт маш их хэрэглэнэ. Япончуудын хувьд томоохон корпорциуд албан ёсны уучлалт гуйдаг уламжлал хэдийнэ тогтсон, мөн өргөн дэлгэрсэн. Корпорациудын тэргүүнүүд гүнээ харамсан, уучлалт гуйж толгой бөхийлгөн зогсохыг харуулах хэвлэлийн бага хурлуудыг ч олонтаа харж байлаа.
Харин сүүлийн жилүүдэд энэ уламжлалын өөр нэг хувилбар дэлгэрсэн. Энэ нь эцэг эхчүүд нь насанд хүрсэн хүүхдүүдийнхээ өмнөөс олон нийтээс уучлалт гуйх явдал.
2016 онд Японы жүжигчин Ацуко Такахата бэлгийн дарамт учруулсан хэргээр баривчлагдсан 22 настай хүүгийнхээ төлөө олны өмнө хичээнгүйлэн уучлалт гуйж байлаа. Мөн 2013 онд алдарт хөтлөгч Мино Монта хүү нь хулгайн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсаны дараа ажлаасаа халагдаж байв. Тэрбээр хэвлэлийн бага хурал дээр "Би ээжийнх нь хувьд хариуцлагаа хүлээж байна" хэмээн мэдэгдэж байсан юм.
Олон нийтээс уучлалт гуйх энэ заншлыг гагцхүү алдартнууд л дагаж мөрддөг эд биш. 2016 оны долдугаар сард 26 настай Сатоси Уэмацу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрах газарт 19 хүнийг хутгалсны дараа эцэг нь олон нийтийн өмнөөс уучлалт гуйж байлаа. Мөн үүнээс өмнө, 2008 онд нэгэн залуу эр гудамжинд дөрвөн хүн хөнөөснийх нь төлөө эцэг эх нь гэрийнхээ гадаа гарч, олон нийтээс хүлцэл өчиж байсан юм. "Манай хүү хүнд гэмт хэрэг үйлдлээ. Амиа алдсан болон шархадсан хүмүүсээс гүнээ хүлцэл өчиж байна" хэмээн тэд хэлээд, цугласан сэтгүүлчдийн өмнө бөхийж байлаа.
Үр хүүхдийнхээ үйлдлийн төлөө эцэг эхчүүд нь уучлалт гуйх ёс гэм буруу, хариуцлагын мэдрэмжтэй холбоотойн дээр энэ заншил бүр эртнээс, самурайн үеэс улбаатай. XV-XVI зуунд Японд "энза дүрэм" үйлчилдэг байсан бөгөөд энэ дүрмээр гэмт хэрэгтэн төдийгүй түүний гэр бүлийн гишүүд ч шийтгэл хүлээдэг байжээ.
Хамтын хариуцлагын санаа XVII болон XIХ зууны хоорондын Эдо үед илүү бат бөх тогтжээ. Дүүрэг бүр таван гэр бүлээс бүрдэх хэсгүүдтэй байсан бөгөөд тэд нэгнийхээ гэмт хэрэг, татвар төлөлтийн төлөө бүгд хариуцлага хүлээдэг байж. Аль нэг гэр бүл буруутай үйлдэлэ гаргавал таван гэр бүл бүгд шийтгүүлдэг байжээ.
Эдо үе 1868 онд дуусгавар болох үед энэ хуулийг цуцалсан ч түүнээс улбаатай ойр дотныхныхоо төлөө хариуцлага хүлээх мэдрэмж өнөө хэр үлдсэн гэж Кюшюгийн технологийн хүрээлэнгийн социологч Наоки Сато онцолсон байна. Түүний өгүүлснээр, гэмт хэрэгтнүүдийн эцэг эх өөрсдөө буруугүй ч үр хүүхдийнхээ үйлдлийн төлөө олон нийтийн өмнө хариуцлагаа мэдрэх ёстой гэсэн бичигдээгүй хууль өдгөө ч үйлчилдэг гэнэ.
Олны анхаарлыг татсан, япончуудын уучлалт гуйсан үйлдлүүд
1998 онд нэрт жүжигчин Йосика Мита хар тамхитай холбоотой гэмт хэргийн улмаас баривчлагдсан хүүгийнхээ өмнөөс олон нийтээс уучлалт гуйж байв. Түүнчлэн өөрийн санаачилгаар 10 сарын турш телевизээр гарахаас татгалзжээ.
2016 онд жүжигчин Рейко Такасима нөхөр нь хар тамхи хадгалж байсныхаа төлөө баривчлагдахад цугласан сэтгүүлчдийн өмнө хүлцэл өчиж байв. Тэрбээр нөхрийнхөө өмнөөс хариуцлага хүлээж байна хэмээн мэдэгдэж байсан юм.
Поп од Минами Минэгиси 2013 онд найз залуутайгаа хамт хоносныхоо төлөө толгой гудайлган уучлалт гуйж байв. Түүний АКВ48 охидын поп хамтлагийн бодлогод эрчүүдтэй романтик уулзалт хийхийг хориглодог байжээ.
Гэх мэтчлэн олон жишээг энд дурдаж болно. Хамгийн сүүлд гэхэд Японы Ерөнхий сайд Ёсихидэ Суга хүүгийнхээ өмнөөс ард түмнээсээ уучлалт гуйсан юм.
Ёсихидэ Суга энэ оны гуравдугаар сарын нэгний өдөр Парламентын доод танхимд үг хэлэх үеэрээ "Ард түмнийхээ итгэлийг алдсан болсон хэрэгт гүнээ харамсаж, хүлцэл өчиж байна" хэмээн мэдэгдсэн.
Ийнхүү уучлалт гуйх болсон нь хүүтэй нь холбоотой. Түүний хүү Tohokushinsha Film гэх хиймэл дагуулын дамжуулалт гүйцэтгэдэг компанид ажилладаг бөгөөд тэрбээр сүүлийн хэдэн жилд захиргааны хэрэг, харилцаа холбооны яамны 11 өндөр албан тушаалтныг үнэтэй зоогийн газарт нэг бус удаа урьжээ. Энэ яам Японы телерадиогийн компаниудад тусгай зөвшөөрөл олгодог байна. Тиймээс Ерөнхий сайдын хүү өөрийн ажилладаг компанид тусгай зөвшөөрөл авахаар ийнхүү албан тушаалтнуудыг дайлж цайлсан нь илт гэж хэвлэлээр мэдээлж, улмаар ихээн шуугиан тарьжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ