Г.Хандсүрэн: Оргилд нь хүрмээр байна
2021-04-05 09:40

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнхийн ач охин Гантогтохын Хандсүрэн Японы волейболын дээд лигийн легионер тоглогч болсон билээ. Энэ бол манай улсын спортын түүхэнд тодоор бичигдэх амжилтуудын нэг юм. Ингээд  Японы волейболын дээд лигийн легионер тоглогч Г.Хандсүрэнтэй  цахимаар холбогдож  ярилцлаа. 

 

-Сайн байна уу? Юуны өмнө Японы  V League-ийн Легоинер тоглогчдын нэг болж дээд лигт тоглохоор болсонд баяр хүргэе.Та уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу?
 

-Сайн байцгаана уу? Намайг Гантогтохын Хандсүрэн гэдэг. Волейболын спортын тамирчин. Улаанбаатар хотод төрсөн.  Ерөнхий боловсролын сургуулиа нийслэлийн тэргүүний лаборатори 1-р дунд сургуулийг төгссөн. Ингээд 2014 онд Япон улсыг зорьсон. 

 

-Та мэргэжлийн тамирчин болж  дээд лигт тоглож байна. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

 

-Нэг шинэ түвшинд гарч чадлаа гэж бодож байна. Энэ бүхэн ахин нэг шинэ эхлэл болж байна. Хичээнэ ээ.

 

-Та удам дамжсан спортын гэр бүлд төрсөн. Тэр ч утгаараа спорттой их ойр өссөн байх.  Гэхдээ яагаад  волейболын спорт гэж?

 

-Би их олон спортыг оролдож үзээд орхиж байсан. Харин  волейболыг 16 настайгаасаа хойш яг эрчимтэй бэлтгэл хийж эхэлсэн. Хичээллэж үзээд хаанаас ч олоогүй мэдрэмж авж чадсан болохоор энэ спортод дурласан. Мөн баг хамт олны уур амьсгал, нэгнээ хайрлаж хамтдаа өсөн дэвжих найзын хайр надад их нөлөөлсөн. Анхны баг болох Ган Зам 20-р сургуулийн "Хасу Мегастарс" охидын багийнхандаа “хайртай шүү” гэж хэлмээр байна.

 

Тамирчин болсноор юуг өөрчилж чадсан бэ?

 

-Өөрөө өөрийгөө л өөрчилж чадсан гэж боддог. Би их сонин дуу цөөтэй, урсгалаараа хүүхэд байлаа. Нэг юмыг сайн санадаг юм. Багш маань эцэг эхийн хурлын дараа ээжид маань “Г.Хандсүрэнгийн бичиг засагдах  нь нэгэнт өнгөрсөн найз хөвгүүнтэй болоод ичээд засарвал л юу юм” гэж хэлсэн. Тийм л муухай бичигтэй хүүхэд байсан юмдаг. Сүүлд ахлах ангид "миний бичгийн хэв, дэвтэр зохион байгуулалтыг өөр ангийн багш, сурагчдад жишээ болгон үзүүлж байсан" гэж дүү маань хэлж байсан юм. Секунд тутамд санаж хичээвэл хүн хүссэндээ хүрдэг. Энэ мэдрэмжийг төрүүлсэн нь спортоор хичээллэхэд чиглүүлсэн байх гэж боддог.

 

-Багш нар тань юуг зөвлөж сургаж ирсэн бэ?

 

-С.Гансүх, Д.Солонго Ж. Мөнхтөгс багш нарынхаа удирдлага дор  бэлтгэл хийж байсан. Гэхдээ би багш хүнийг их жудагтай сайхан хүмүүс байдаг, байх ёстой гэж буурал ээжийгээ хараад сурсан. Сурагчаа, шавиа хараалын үгээр дайрч болохгүй гэж боддог. Надад тийм зүйл тохиолдсон. Өөрөөр бол волейбол тоглох хүслийг минь унтрааж байсан удаа бий. Тухайн үед  өөрт нь шударгаар хэлэхэд “ Нээрээ уучлаарай миний бэлтгэлд нэг ч удаа явж байгаагүй шүү дээ, Уучлаарай би андуурсан байна” гэсэн зурвас хүртэл хүлээж авч байлаа. Багш хүн ийм байж болохгүй байх. Сайн хэлж мэдэхгүй л юм. Багш нар одоо илүү шинэ үетэй хөл нийлүүлэн алхаж өөрийгөө давхар хөгжүүлэхгүй бол шинэ үеийн хүүхдүүдэд гологдож эхлээд байгаа гэдгийг бүгдээрээ харж байгаа байх.

 

Улс болон олон улсын ямар тэмцээн уралдаанд оролцож байсан бэ?

 

-Монгол Туургатан олон улсын хүүхдийн наадмаас эхлээд Аварга Шалгаруулах Тэмцээн хүртэл бүх шатны тэмцээнд оролцож байсан.

 

 

-Эх орноосоо хол сурч боловсроход шантарч хэцүү санагдах үе олон байсан байх?

 

-Хүний газар хэл мэдэхгүй хүнд амар байгаагүй. Тиймээс  эх орноосоо хол суралцаж байгаа залуусыг гайхалтай гэж боддог. Бахархдаг. Миний хувьд шантрах гэдэг зүйлийг ахин дэвших гэж л хардаг. Гүрийж  байгаад л эргээд босоод ирэх хэрэгтэй. Шинэ үе эхэлж байна л гэсэн үг. Бартаа саадыг давах нь чухал юм. Сонирхолтой амьдрах хэрэгтэй биз дээ./инээв/

 

Мөн энэ ярилцлагаа далимдуулаад нэг зүйлийг хэлэхэд гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа залуус эх орондоо очиж ажиллах боломжтой. Гэхдээ залуусын хөдөлмөрийг үнэлж хүндэлж хөгжүүлж өгөх нийгэм эрх зүй нь тун сул байгаа гэж боддог. Яах ч аргагүй нутаг буцдаг монголчууд бас цөөнгүй байх шиг.

 

 

 

-Өдөрт хэдэн цаг бэлтгэл хийж байна вэ?

 

-Өдөрт хамгийн багадаа хоёр цаг эсвэл өдөржин бэлтгэл сургуулилт хийдэг.

 

-Гэр бүлийнхэн нь хэр дэмждэг вэ?

 

-Гэр бүлийнхэн маань маш их дэмждэг. Манай аавыг Баянмөнхийн Гантогтох, ээжийг Хүүхээгийн Ундармаа, ахыг маань Г.Мөнх-Очир, дүү Г. Буяндэлгэр гэдэг. Үргэлж тусалж дэмждэг гэр бүлийнхэндээ "Баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр байна.

 

-Цаашид ямар зорилго тавиад байна вэ?

 

-Олон зорилго бий. Нэгтгээд хэлбэл оргилд нь хүрмээр байна.

 

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?

 

-Чөлөөт цаг маш бага байдаг. Завтай үедээ найзуудтайгаа, гэрийнхэнтэйгээ утсаар яридаг.

 

-Хамгийн сүүлд хэзээ эх орондоо ирээд буцсан бэ?

 

-2019 оны Үндэсний Дээд Лигийн хүрэл медалийн цувралын тоглолтонд оролцохоор очсон. Манай баг медалиа авч чадсан шүү./инээв/

 

 

-Бага насныхаа хөгжилтэй дурсамжаас хуваалцана уу?

 

-Бага нас маань хороололд өнгөрсөн. Дараа нь 120 мянгатын байранд нүүж очсон.  Хэсэгхэн хугацаанд лагерь дээрээсээ хичээлдээ явдаг байсан дандаа хоцорчихдог хүүхэд байж билээ. Мэдээж байрны найзуудтайгаа тоглодог байлаа.  Ээж цонхоор “Хандаа ороорой" гэж дуудна. Нар жаргахаар ээжид баригдахгүй гээд цонхноосоо хол эсвэл өөр байр хэсээд л явчихдаг байж билээ. Орцны гадна зүлэгжүүлсэн хэсгийн өндөр өвсөн дунд хэвтэж нуугддаг байсан. Нэг удаа нуугддаг газраа нуугдсан чинь хэн ч намайг олдоггүй. Тэгсэн найзууд маань намайг ололгүй гэр гэртээ орчихсон байсан./инээв/ Тухайн үедээ  ямар их гомдсон гэж санана.

 

-Волейболын спортыг сонирхож, хичээллэхийг хүсэж буй хүүхэд, залуучуудад хандаж хэлэхэд?

 

-Оролдоод үз. Хүнд мэдрэмж байдаг. Мэдрэл, мэдрэмжээ дагаад үз. Биш байвал өөр зүйл оролдоод үз л гэж хэлмээр байдаг. Сайхан боловсорч гүйцсэн алимыг хараад л суугаад байвал, шүүс нь хатаж үзэмжээ алдана тийм биз. Тэгээд амталж амжилгүй хаях хэрэг болно шүү дээ. Хазаад ав, Өөрөө  мэдэрч үз! Хатуу зөөлөн, шүүслэг, исгэлэн ямар амттайг нь өөрөө мэдэр  гэмээр байдаг даа. Зарим хүүхдүүд чатаар "би амжилтанд хүрэх болов уу" гэж асуудаг.  Заримдаа, би үзмэрч  шиг харагддаг  юм болов уу гэж боддог./инээв/ Мөн тэр хүүхдийн аав ээжийн өмнөөс хийж чадах зүйл юу билээ гэж бодох ч үе цөөнгүй бий. Хүнээс өөрийгөө асууна гэдэг их тэнэглэл шиг санагддаг.

 

Баярлалаа. Амжилт хүсье. 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин