Ахмад дайчдыг доромжилсны төлөөх шийтгэлийг чангатгах хуульд Путин гарын үсэг зуржээ
2021-04-05

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нацизмыг сэргээх, ахмад дайчдыг доромжилсны төлөөх шийтгэлийг чангатгах тухай багц хуульд гарын үсэг зуржээ.

 

Ингэснээр, Олон улсын цэргийн шүүхийн тогтоолоор тогтоогдсон баримтуудыг үгүйсгэдэг эсвэл энэ тогтоолоор тогтоогдсон гэмт хэргийг дэмжих мэдээллийг түгээсний төлөө хуулийн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх заалт ОХУ-ын Захиргааны хэрэг зөрчлийн хуульд нэмэгдсэн байна. Мөн Дэлхийн хоёрдугаар дайны үеийн ЗХУ-ын үйл ажиллагааны талаар болон ахмад дайчдын талаар илт хуурамч мэдээлэл түгээсний төлөө шийтгэл ноогдуулахаар заажээ. Энэ хоёр зөрчилд хоёуланд нь тус бүр 5 000 000 хүртэлх рублийн (shuud.mn: монгол мөнгөөр 171.2 сая төгрөг орчим) торгууль оногдуулах аж.

 

Мөн Оросын Эрүүгийн хуульд улсыг хамгаалахтай холбоотой тэмдэглэлт өдрүүд, цэргийн алдрын өдрүүд болон Аугаа их эх орны дайны ахмад дайчдад олон нийтийн өмнө хүндэтгэлгүй харьцвал хариуцлага тооцох заалт багтсан байна. Энэ гэмт хэрэгт 3 000 000 хүртэлх рублийн торгууль, албадан хөдөлмөр эсвэл гурав хүртэлх жилээр эрх чөлөөг нь хасах шийтгэл оноохоор болжээ.

 

Ийм гэмт хэргийг интернет эсвэл олон нийтийн хэвлэл мээдэллийн хэрэгсэл ашиглан үйлдвэл торгууль 2-5 сая хүртэл нэмэгдэж, хорих ял 5 хүртэлх жил болон нэмэгдэх юм байна.

 

Эдгээр хууль батлагдахаас өмнө ахмад дайчдыг доромжилсны төлөө дээд тал нь 500 мянган рублийн шийтгэл оногдуулдаг байсан бөгөөд эрүүгийн шийтгэл хуульд тусгагдаагүй байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин