Азийг нөмөрсөн Монголын шороо цөлжилтөөс үүдэлтэй
2021-04-06 08:44

 

 Цаг уурын орчны шинжилгээний газраас мэдээлж буйгаар энэ 04 дүгээр сард дахин хүчтэй шороон шуурга хэд хэдэн удаа шуурах аж. Салхины хурд зарим газраар 16-18 метр секунд, нэг, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар заримдаа 18-24 метр секунд хүртэл ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүйг анхааруулж байна. Өөрөөр хэлбэл Монголын шороо дахин Азийн хотуудыг нөмөрч магадгүй гэсэн үг.

 

Хамгийн сүүлд “Монголоос эхлэлтэй шороон шуурга”-аас болж,  Бээжингийн Шоуду болон Дасин нисэх буудлууд 428 нислэгээ цуцалсан. БНХАУ-д цаг агаарын аюулын шар түвшинг зарлаж, гадаа  талбайд зохиогдох олон нийтийн арга хэмжээнүүдийг зогсоосон. Япон, Солонгосчууд ч иргэддээ Монголоос ирсэн шороон шуурганаас болгоомжтой байхыг анхааруулж, агаар дахь тоосонцорын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин давсаныг сануулан, амны хаалт зүүхийг зөвлөж байв.

 

Тэгвэл яагаад Монгол шороон шуургаараа алдарших болов. Монголын шороон шуурга юунаас үүсэлтэй вэ. Бид энэ асуултын хариултыг хайлаа.  БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын Цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдол хариуцсан мэргэжилтэн А.Цээпил энэ шуурга цөлжилтөөс үүдэлтэйг хэлж байна.

 

Тэрбээр “Гуравдугаар сарын 13-15, 27, 28-ны өдрүүдэд Монгол Улсын хэмжээнд онц аюултай шороон шуурга болж өнгөрлөө. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилттэй холбоотой. Уг шуурганы нөлөөнд сул хөрс нь агаарт хийсэж бүс нутгуудад хүрч сөрөг үр дагавар үүсгэлээ” хэмээн шалтгааныг тайлбарлалаа.

 

Цаг уурын гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, хор хохирол нь ихсэж буй учраас манай улс цаашид Зүүн хойд Азийн бүс нутгууд болон өмнөд хөрш улстайгаа хамтарч цөлжилт, шар шороон шуургыг бууруулах чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ гэдгийг мэргэжилтэн А.Цээпил хэллээ.  

 

Манай улсад сүүлийн жилүүдэд цөлжилт эрчимтэй явагдаж байна. 2020 онд хийгдсэн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Монгол орны газар нутгийн 76.9 хувь нь их, бага хэмжээгээр газрын доройтолд орж, цөлжилтөд өртсөн нь тогтоогджээ. Цөлжилтийн үнэлгээнээс харахад байршлын хувьд төвийн хэсэг хуурай, хээр бүсэд нягтрал ихтэй нэн хүчтэй явагдаж байна. Энэ нь Монгол орны газарзүйн байршил болон уламжлалт мал аж ахуй эрхлэлт, хүн амын төвлөрөл уул уурхай зэрэг хүчин зүйлүүдтэй холбоотой аж.

 

Манай улс цөлжилтийн эсрэг хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Гэвч үр дүнгүй байгаа нь өнгөрсөн өдрүүдэд болсон шороон шуурганаас харж болно.

 

Г.Мичид

 

Shuud.mn
Сонин хачин
Малчин:
Бэлчээрийн талхагдал, эмх замбараагүй уул уурхай, зүг чигээ алдсан газар тариалан гурваас болж байгаа, 1га хагалсан талбайгаас 1 жилд 2 тонн үржил шимт хөрсөн салхинд хийсдэг гээд байгаа
2021-04-06
Малаа цөөлж чанаржуул, усалгаатай хадлан ав гээд бүгд л мэпэх авч хэн нэгэн Ху, Со, Сан нарыг хийнэ гээд архиа уугаад найрлаад л явна даа
2021-04-06
Уул уурхай болон малын тоо толгойн өсөлтөөс цөлжилт бий болж байна
2021-04-06
Шуналтай малчдын бэлчээрийн даац хэтрэлт ялангуяа ямааны тоо толгой ихэссэнээс мөн газар тариалангийн уринш өнжүүлэлттэй шууд холбоотой Хотоос гараад л замын хажуугаар улаан шороо гэхдээ тэнд нь уул уурхай алга
2021-04-06
Хавтгайрсан уул уурхай, дээгүүр доогуур авилгалд идэгдсэний балаг ингэж гарч байгаа юм. Бид нийхмээрээ цэгцэрч байж сая энэ үйл явц татрах тийшээ эргэх байх. Үгүй бол энэ байдал хоёр дахь коронавирусын дайтай том асуудал болж магадгүй. Байгал дэлхийтэйгээ зүй зохистой харьцацгаая.
2021-04-06