Хойд Солонгос Токиогийн Олимпд оролцохгүй
2021-04-06

БНАСАУ тамирчдаа коронавирусийн халдвараас хамгаалахын тулд энэ зун болох Токиогийн олимпд оролцохгүй  гэсэн шийдвэр гаргасан талаар Ёнхап агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, олимпд оролцохгүй гэсэн шийдвэрийг гуравдугаар сарын 25-ны өдөр Пхеньянд болсон БНАСАУ-ын Үндэсний олимпын хорооны хуралдаанаас гаргасан байна.

 

БНАСАУ-ын Үндэсний олимпын хорооны хурал цахим хэлбэрээр болж, орлцогчид "олон нийтийн спортын арга хэмжээг зохион байгуулахтай холбоотой асуудлууд"-ыг хэлэлцсэн гэж Хойд Солонгосын цахим мэдээллийн агентлаг дамжуулжээ. Хойд Солонгосын спортын сайд, Үндэсний олимпын хорооны дарга Ким Ир Гук болон бусад оролцогчид "олон улсын спортын байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатайг онцолсон" хэмээн цахим мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна.

 

Эргэн сануулахад, Токиогийн олимп 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын есний өдрүүдийн хооронд зохион байгуулагдах ёстой байсан. Гэсэн ч коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, энэ оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын наймны өдөр зохион байгуулагдахаар болсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин