Япон Хойд Солонгосын эсрэг тавьсан хоригоо сунгав
2021-04-06

Японы сайд нарын танхим Пхеньянын цөмийн хөтөлбөр болон барьцаалагдсан Японы иргэдтэй холбоотой асуудлын улмаас БНАСАУ-ын эсрэг дангаар тавьсан хориг арга хэмжээнүүдийн хугацааг дахин хоёр жилээр сунгахаар болжээ. Энэ шийдвэрийг сайд нарын танхимын ээлжит хуралдааны үеэр гаргасан гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна.

 

"Пуужин, цөмийн асуудлыг шийдвэрлэх, түүнчлэн барьцаалагдсан иргэдийн асуудлыг шийдэхэд чиглэгдсэн олон улстай хамтран ажиллах нягт хамтын ажиллагаагаа бид үргэлжлүүлнэ" хэмээн Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Кацунобу Като мэдэгджээ.

 

Түүнчлэн, БНАСАУ-ын эсрэг хоригийг хоёр жилээр сунгах болсон нь Пхеньянтай холбоотой НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг бүрэн дүүрэн, бүх талаар мөрдөх шаардлагаас улбаатай хэмээн цохон тэмдэглэсэн байна.

 

Япон улс анх 2006 онд Пхеньян цөмийн туршилт хийсний дараа БНАСАУ-ын эсрэг нэг талт хориг арга хэмжээнүүдийг тавьсан. Ингэснээр бараа бүтээгдэхүүний экспорт, импортыг хязгаарлаж, Японы боомтууд дээр Хойд Солонгосын хөлөг онгоцуудыг хүлээн авахыг хориглосон юм. Анхлан хориг тавьснаас хойш хориг арга хэмжээний хугацааг удаа дараа сунгасны дээр хоригт хамаарах компани, хөлөг онгоцууд, хувь хүмүүсийн жагсаалтыг өргөжүүлсээр ирсэн байна.

 

Япон улс БНАСАУ-аас Японы иргэдийг Хойд Солонгосын тусгай албаныхан хулгайлсан асуудлыг шийдвэрлэхийг байнга шаарддаг бөгөөд энэ асуудал нь албан ёсны дипломат харилцаагүй хоёр орны хоорондын харилцаанд томоохон тээг болдог юм. Японы 13 иргэнийг хулгайлснаа Пхеньян анх удаа 2002 онд хүлээн зөвшөөрч, тэдний тавыг нь эх оронд нь буцаасан. Харин бусдыг нь нас барсан хэмээн зарласан бөгөөд ар гэрийнхэнд нь цогцосны үлдэгдлийг явуулсан ч ДНК шинжилгээгээр барьцаалагдсан хүмүүсийнх мөн эсэх нь тодорхой болоогүй аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин